Оросын төрийн албан хаагчид сандарч байгаа гэнэ

Хөгжлийн яамны сайд Алексей Улюкаевыг баривчилсан нь оросын дээд тушаалын түшмэдүүдийн дунд “айдас хүйдэс” төрүүлжээ. Учрыг мэдэх хүмүүс Ройтерс агентлагийн сурвалжлагчид ингэж ярьсан байна.

Тэдний хэлснээр, Улюкаевыг баривчлагдсантай холбогдуулан засгийн газрын гишүүдийн дунд “сандарч тэвдэх уур амьсгал” зонхилж байгаа ажээ. Дахин баривчилгаа явуулах вий хэмээн түшмэдүүд эмээж байна. Ройтерс агентлагийн сурвалжлагчтай ярилцсан эх сурвалж засгийн газар дахь одоогийн байдлыг ЗСБНХУ-ын үеийн “цэвэрлэгээтэй” зүйрлүүлжээ. Энэхүү цэвэрлэгээ нь цаазаар авах, хөдөлмөрөөр засан хүмүүжүүлэх газруудад явуулснаар дуусдаг байсан юм. Төрийн байгууллагаас гараад ч баривчилгаанаас аврагдахгүй гэдгийг зарим түшмэл бас цохон зааж байгаа ажээ.

Түүгээр ч барахгүй, Улюкаевын адил тэдний олонхийг тагнаж байгаа гэдэгт Ройтерс агентлагийн сурвалжлагчтай ярилцсан олон хүн итгэлтэй байна. Тусгай албаныхан Улюкаевыг баривчлахаас өмнө нэг жилийн туршид түүний утасны яриаг чагнаж байжээ.

Нэрийг нь хэлэхгүй байхыг хүссэн тусгай албаны нэг дээд тушаалын ажилтан дурдахдаа, бас зарим төрийн албан хаагч, түүний дотор ерөнхий сайдын орлогч Аркадий Дворкович, Эдийн засгийн хөгжлийн яамны газрын захирал Оксана Тарасенко болон ерөнхий сайдын орлогч Шуваловын туслах Марина Романова нарыг хүчний байгууллагынхан “анхааралдаа авсан” тухай мэдээлсэн материалыг “Ведомости” сонин 11 дүгээр сарын 16-ны дугаартаа нийтэлсэн байна.

Улюкаевыг 11 дүгээр сарын 15-нд шилжих шөнө саатуулсан юм. “Башнефть” компанийн хувьцааг худалдан авах тухай хэлцлийг Эдийн засгийн хөгжлийн яам дэмжсэний хариуд “Роснефть” компаниас мөнгө нэхэж, улмаар хоёр сая ам. долларын хахууль авч байхад нь сайдыг газар дээр нь саатуулсныг Оросын мөдөн байцаах хороо мэдээлжээ.

Улюкаев гэм буруутай гэдгээ хүлээхгүй байгаа гэж түүний өмгөөлөгч Тимофей Гриднев хэлсэн байна. Шүүх түүнийг 2017 оны нэгдүгээр сарын 15 хүртэл гэрийн хорионд байлгахаар тогтжээ. Мөн өдөр түүнийг Эдийн засгийн хөгжлийн яамны сайдын албан тушаалаас чөлөөлсөн байна.

Холбооны улсын сайдын зиндааны төрийн албан хаагчийг 1993 оноос хойш Орост анх удаа баривчилсан нь энэ юм. Цагаан байшинг буудах үеэр 1993 оны 10 дугаар сарын 04-нд Оросын дэд ерөнхийлөгч Александр Руцкойг баривчилж байсан билээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ