П.Өлзийсайхан: Хэргийг илрүүлсэн биднийг шалгасанд одоо ч гайхдаг

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, доктор, профессор Н.Лүндэндорж Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзаж, шүүхийн шинэтгэл, цаашдын зорилтын талаар ярьсан юм. Уулзалтын үеэр Сэлэнгэ аймгийн цөөнгүй иргэн шүүхийн шинэтгэлийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Тэдний нэг Цагдаагийн дэд хурандаа П.Өлзийсайхантай ярилцлаа.
-Таныг бусдад эрүү шүүлт тулгасан гэх хэргээр шалгаж, цагдан хорилоо гэх мэдээлэл гурван жилийн өмнө гарч байсан. Цагдаагийн өндөр албан тушаалтнууд, АТГ-ын мөрдөн байцаагчийг шалгаж байгаа гэх мэдээлэл тухайн үед шуугиан тарьж байлаа. Ер нь юу болсон юм бэ?
-Би цагдаагийн байгууллага, тэр дундаа эрүүгийн албанд 23 жил 9 сар ажилласан. Сэлэнгэ аймгийн орлогч прокуророор ажиллаж байсан Ш.Болд-Эрдэнэ албан тушаалаа ашиглаж бусдаас хээл хахууль авсан гэмт хэрэгт холбогдсон юм. 2009 оны явдал шүү дээ. Тэр хэргийг манай эрүүгийн алба илрүүлж, АТГ-ын ахлах комиссар Б.Бат-Олзвой мөрдсөн хэрэг. Ингээд Ш.Болд-Эрдэнэд холбогдох хэргийг прокурор хянаж, гурван шатны шүүх ял оноосон юм. Тодруулбал, Ш.Болд-Эрдэнэ Хан-Уул дүүргийн шүүхээс нэг жил хорих ял сонсч, давж заалдах болон хяналтын шатны шүүх хэвээр үлдээсэн хэрэг. Ингээд тэр нөхөр ялаа эдэлж, суллагдсаныхаа дараа буюу 2010 онд Улсын прокурорын газарт ажилладаг танил талаа ашиглаж бидэнд хэрэг үүсгүүлсэн.
-Ямар үндэслэлээр тэр вэ. Тэр үед Улсын ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба байсан байх аа. Тэнд шалгуулсан юм уу?
-Тийм ээ. Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас бусдад эрүү шүүлт тулгасан гэх үндэслэлээр надаас гадна Нийслэлийн цагдаагийн газрын дэд дарга Г.Ганболд, АТГ-ын комиссар Б.Бат-Олзвой нарт Эрүүгийн хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн. Мөн нотлох баримт хуурамчаар бүрдүүлсэн (Эрүүгийн хуулийн 253 дугаар зүйлийн 253.2), хүнийг хууль бусаар баривчилсан (Эрүүгийн хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1) гэх үндэслэлээр Эрүүгийн хэрэг үүсгэж, ял тулгасан. Илт гэм буруугүй хүнийг прокурор яллаж, шүүх хүртэл явуулсан даа.
-Сэлэнгэ аймгийн орлогч прокурорыг шалгасан нь хууль зөрчсөн гэж үзсэн хэрэг үү?
-Тэгсэн. Бүр Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас бидний албан тушаалыг түдгэлзүүлэх албан бичгийг цагдаагийн байгууллагад хүргүүлж байсан. Харин цагдаагийн байгууллага биднийг хамгаалж, албан тушаалаас түдгэлзүүлээгүй. Ш.Болд-Эрдэнийн гэм буруутай нь шүүхээр тогтоогдож, ялаа эдлээд гарсан шүү дээ. Гэтэл хэргийг шалгасан мөрдөн байцаагчдыг хэрэгт татаж болохгүй. Хэрвээ хэргийг шалгах бол ялласан прокурор, шүүсэн шүүгчийг бас шалгах ёстой байсан. Бид гэмт хэрэгт татагдах субьект биш. Эрүүгийн ажилтнууд байсан шүү дээ. Гэтэл бөөнд нь шалгаж, хоёр жил шахам хохироосон. Хэрвээ бид эрүүдэн шүүсэн бол Ш.Болд-Эрдэнэд холбогдох хэрэг хүчингүй болох ёстой шүү дээ. Прокурор яллаад, шүүх шийтгэчихсэн байхад хэргийг илрүүлсэн биднийг шалгасанд одоо ч гайхдаг.
-Тухайн үед Хүний эрхийн үндэсний комисст хандаж байсан санагдаж байна?
-Ажлаа хийсний төлөө гэмт хэрэгт холбогдуулан шалгаж, хоёр жил хохироолоо гэдэг үндэслэлээр олон газарт хандсан ч нааштай хариу өгөөгүй. Цагдаагийн ерөнхий газар, Улсын ерөнхий прокурор, Хүний эрхийн үндэсний комисс гээд олон газар хандсан даа. УИХ-д хүртэл хандсан. Эцэст нь шүүхэд л итгэсэн.
-Эрүүгийн хуулийн гурван ч зүйл ангиар яллагдаж, шүүхэд очиход юу бодогдож байсан бэ?
-Гурван зүйл ангиар гурван хүнийг яллачихсан. Өнгөн талаас харахад "Энэ нөхдүүд шоронд явах нь дээ” гэж харагдаж байсан байх. Бид гэм буруугүй учраас Монголын шүүхэд итгэж байсан. Шүүхийн мэргэн шийдвэр биднийг аварна гэж найдаж байсан. Үнэнийг бүгдийг нь ярьсан.
-Шүүх ямар шийдвэр гаргасан бэ?
-Сонгинохайрхан дүүргийн анхан шатны шүүхийн шүүгч Батболор үнэн зөвийг дэнсэлж биднийг гэм буруугүйг тогтоож, цагаатгах тогтоол гаргасан. Хохирогч болчихоод байсан Ш.Болд-Эрдэнэ давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан л даа. Нийслэлийн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Ингэснээр биднийг шүүх хоёр дахиа цагаатгасан. Нөгөө нөхөр хяналтын шатны шүүхэд бас хандлаа. Энэ хооронд шүүхийн процесс явсаар дөрөв, таван сар болчихож байгаа юм. 2013 оны аравдугаар сарын 30-нд Дээд шүүхийн шийдвэрээр анхан болон давж заалдах шатны шийдвэрийг хэвээр баталж, биднийг цагаатгасан. Монгол Улсын шүүх биднийг төрийн ажлаа шударгаар хийж явсныг баталж цагаатгаснаар нуруунаас том ачаа хөнгөрсөн дөө. Тухайн үед шүүх хуралдааны танхимаас гараад маш их баярлаж байсан. Одоо ч шударга шүүхэд баярладаг. Цаашид ч баярласнаа ярьж, итгэж явах болно. Би өөрөө хуулийн байгууллагад насаараа ажилласан хүн. Тэр утгаараа шүүхийн шинэтгэлийг байнга дэмжиж явдаг.
-Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзах үеэр та "Шүүхийн шинэтгэл, шударга шүүхийн үр шимийг хүртсэн хүний хувьд баярласнаа илэрхийлье. Прокурорын өс санасан, хүний эрх зөрчсөн үйлдлээс улбаалж одоо шорон манаж байна” гэж байсан. Тэгэхээр прокурорын байгууллагад одоо ч гомдолтой явдаг гэсэн үг үү?
-Сэтгэл санааны хүнд дарамтад байсан. Улсын ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албанаас байсхийгээд л "Ажлаас нь гарга” гэсэн албан бичиг ирдэг. Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр "Цагдаа нар гэмгүй хүнд эрүү шүүлт тулгасан” гэх утгатай мэдээлэл байнга шахам гарч байсан. Зарим нь ч үнэн зөв талаас нь мэдээлж л байлаа. Ажлаа хийж яваад тийм асуудалд орно гэдэг тун хүнд. Ш.Болд-Эрдэнэ ялаа эдэлж гарч ирээд өөрийгөө хэлмэгдсэн гэж үзсэн. Үнэхээр хэлмэгдсэн бол шүүх тэр хүнийг цагаатгах байсан. Тэгтэл шүүх тэр хүний гэмт хэрэг үйлдсэн гэдэг шийдвэрийг гаргачихаад байхад прокурорын байгууллага хэргийг илрүүлж, шалгасан бидэнд эрүүгийн хэрэг үүсгэх жишээтэй. Прокурорын байгууллага дуртай хүндээ эрүүгийн хэрэг үүсгэж байгаагийн жишээ яах аргагүй энэ. Тийм байхад гомдохгүй гээд яах юм бэ. Миний амьдралын хоёр жилээр тоглосон хүмүүс шүү дээ.
-Шүүхээс цагаатгах тогтоол гаргасны дараа та цагдаагийн байгууллагадаа ажиллаагүй юм уу?
-Ажилласан. Хоёр жил шахам хугацаанд бидний нэр хүндийг маш их унагасан. Нийлж хүн зодсон, авлига авсан гэж хэвлэлээр мэдээлж байсан. Энэ бүхний дараа ажлаа хэвийн хийх хүнд шүү дээ. Хэрэг хэрэгсэхгүй болсны дараа миний тушаал буурч, Дорноговь аймгийн Эдийн засгийн ахлах төлөөлөгчөөр явсан. Тэндээсээ сургуулийн чөлөө авч, ОХУ руу явсан. Ирээд цагдаагийн байгууллагадаа ороогүй. Хоёр жил гаруй шалгагдаад, элдвээр хэлүүлээд байхаар ажил хийх зориггүй болдог юм билээ. Тэгээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт орсон доо. Одоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хорих 413 дугаар ангид харуул хамгаалалтын ээлжийн дарга хийж байгаа.
-Та нарт хэрэг үүсгүүлсэн гэх прокурор одоо хаана ажиллаж байгаа бол?
-Төрийн албанд ажиллаж байгаа сурагтай байсан.
Б.Цэцэгдэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ