Эрдэмтэд өлсгөлөнтэй тэмцэх арга олжээ

Америкийн эрдэмтэд өөрсдийн судалгааны дүнд дэлхийд өлсгөлөнтэй тэмцэх арга олсон байна. Иллинойсын их сургуулийн мэргэжилтнүүд энэ аргыг боловсруулжээ. Тэдний технологи нь ургамлын фотосинтезэд шууд нөлөөлөхөд үндэслэж байгааг хэвлэлд дурдсан байна.

Тийнхүү америкийн мэргэжилтнүүд манай гарагийг өлсгөлөнгөөс ангижруулах шинэ арга санал болгожээ. Тэд сонирхолтой арга боловсруулж, туршсан бөгөөд энэ нь ургацын гарцыг 15-20 хувиар нэмэгдүүлсэн байна. Манай гарагийн хүн ам жил бүр өсч байгаа нь нотлогдсон баримт бөгөөд 2050 он гэхэд дэлхийн оршин суугч 9 тэрбумд дөхөж очно гэсэн таамаглал байгаа юм. Энэ нь хүнсний бүтээгдэхүүнийг наад зах нь 70 хувиар нэмэгдүүлэхийг шаардаж байгаа. Гэвч ингэх нь өнөөгийн уур амьсгалын нөхцөлд асуудалтай юм. Тиймээс америкийн судлаачид ургамлын фотосинтезэд нөлөөлдөг арга боловсруулжээ. Энэ нь нэг ургацын жилд авч байгаа бүтээгдэхүүний хэмжээг 20 хувиар нэмэгдүүлж, хүнсний хомсдлыг бууруулах боломж олгоно.

Одоогийн байдлаар энэ аргыг туршаад байгаа бөгөөд нааштай үр дүн гарчээ. Гэхдээ ургацын гарцыг хиймлээр нэмэгдүүлэх нь ургамалд хэрхэн нөлөөлөхийг мэргэжилтнүүд цаашид судлах бодолтой байна. Хэрвээ уг арга аюулгүй нь нотлогдвол,энэ технологи хүн төрөлхтнийг өлсгөлөнгөөс аварна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ