Д.Хишигбаяр: Н.Алтанхуягийн эгчийнх нь охины 3 хүүхдийг харах хүн алга

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн төрсөн дүү Н.Наранцэцэг болон төрсөн эгчийнх нь охин Ц.Наранбат нарыг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад буй. Н.Наранцэцэгийг үндэслэлгүй хорьсон хэмээн түүний өмгөөлөгч О.Чулуунчимэг гомдол гаргасан ч шүүх хэлэлцээд үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргасан. Тэгвэл төрсөн эгчийнх нь охин Ц.Насанбатыг мөн үндэслэлгүй хорьсон гэж өмгөөлөгч Д.Хишигбаяр гомдол гаргажээ. Шүүх гомдлыг хүлээн авч хэлэлцэх байсан ч шүүх хурал давхацсан гэх шалтгаанаар хойшилсон байна.

Түүний өмгөөлөгч Д.Хишигбаяр “Монгол Улсын шүүх АТГ-аас хараат ажиллаж байна. Н.Алтанхуягийн төрсөн эгчийн дүү Ц.Насанбатыг баривчилсан нь улс төрийн зорилготой ажиллагаа юм. Түүнийг яагаад хорьсон нь ойлгомжгүй, хууль зөрчсөн шинжтэй. Ц.Насанбатыг Эрүүгийн хуулийн 263.2 зүйлээр Төрийн албан тушаалтан албаны эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр баривчилсан. Гэтэл Ц.Насанбат нь Төрийн албанд нэг ч цаг ажиллаж үзээгүй хүн шүү дээ. Энэ бол шууд хэрэгт гүтгэж байгаа хэрэг. Дээр нь Ц.Насанбат нь насанд хүрээгүй гурван хүүхэдтэй. 3, 7, 17 настай гурван хүүхдийг нь харах хүнгүй байхад 5 хоног ээжийг нь хорьчихлоо. Бас цагдан хорих үйл ажиллагаа нь хууль зөрчсөн. Уг нь бол эхлээд Ц.Насанбатыг гэрчээр дуудаж байцаалт авдаг байсан юм билээ. АТГ-ын мөрдөн байцаагчийг дуудах болгонд нь очиж байсан. Ямар нэгэн байдлаар байцаалтаас зайлсхийсэн үйлдэл огт гаргаж байгаагүй. Тийм байхад оргон зайлах үндэслэлтэй гэж үзээд цагдан хорьчихсон. Энэ бол Үндсэн хуулиас эхлээд Хүний эрхийн конвенцийн олон зүйл заалтыг зөрчсөн, илт улс төрийн шинжтэй хэрэг болж байна. Ерөөсөө Н.Алтанхуяг гэдэг хүний дүү гэсэн шалтгаанаар зохиомол хэрэг үүсгэн үндэслэлгүйгээр хорьж байна” гэв.

Б.Анир

СЭТГЭГДЭЛ БИЧИХ