Цаст тулаанд мордсон “том” хүүхэд хохирох уу

Цас цэвэрлэгээний асуудал амтай болгоны сэдэв болсоор нэлээд хэд хонолоо. Олон жил үзэгдээгүй энэ хүйтрэл, цас ойрд мэдрээгүй цочролыг өгөх шиг боллоо. Үүнийг хотын дарга ганцаар шийдэх ямар ч боломжгүй гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Тиймээс цаст тулаанд олон нийтийг уриалж, үүнд ахлах ангийн сурагчдыг хамруулжээ. Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн эсрэг түүний олон нийттэйгээ хамт тэмцэх арга зам зөв. Учир нь бодис, давсаа цацаад ч барагдахгүй байгаа энэ их цас, мөсийг бусад нь хайлж алга болохыг нь хүлээгээд сууж яавч таарахгүй. Нийслэлээс байгаа бүхнээ зориулаад ч хүчрэгдэхгүй. Харин ч нэгдэх уриалгын үр дүнд өдөр бүр байгууллага хамт олон гудамжны цас мөсийг цэвэрлэж, тэр хэмжээгээр гэмтэж бэртэх эрсдлийг багасгаж өгч байна. Харин төрд гарч ирсэн хүн бүрийн хийсэн хөдөлгөөн үйлдэл, хэлсэн үг болгоныг зүгээр хараад шүүмжилж, талцуулж суудаг зүггүй хэсэг бүлгийн тоо толгой олширсоор байгааг цахим орчинд хангалттай харж болно.
Өнөөдөр Ерөнхий сайдын хотын даргад өгсөн үүргийг иргэд хоёр талын байр суурьнаас хэлэлцэж эхэллээ. Ялангуяа ЕБС-ийн сурагчдаар цас цэвэрлүүлэхийг зогсоо гэх үүрэг нь гол сэдэв болжээ. Ерөнхий сайдыг дэмжиж, хүүхдээр цас цэвэрлүүлэхийг эсэргүүцэж байгаа нэг хэсэг байгаа бол цэвэрлэгээ хийлгэлээ гээд буруутах зүйл байхгүй гэх нөгөө хэсэг хүмүүс байна. Гол нь эндээс гарах үр дүнгээр олон нийтийн ажлыг дүгнэх нь мэдээж зөв.
ЕБС-ийн сурагчийн хувийн хэрэгт урьд нь тухайн сурагчийн нийгмийн туст хөдөлмөрийн идэвхийг дурддаг, энэ нь маш чухал нөлөөтэй тодорхойлолт болдог байсан. Харин одоо ийм тодорхойлолтыг ангиас зохион байгуулж байгаа ажилд оролцсон байдал төдийхнөөр дурдаад өнгөрдөг болсон юм болов уу. Сүүлийн үед хүүхдүүд эрхээ хэт мэддэг, үүргээ ухамсарлахталын ойлголт тун бага болох хандлагатай болсон. Өнөөдрийн асуудлын хүрээнд ярьвал, хүйтэнд, жавартайд хүүхдээр ажил хийлгэх нь гэж эмзэглэж бухимдах хүмүүс цөөнгүй байна. Манайхны дунд хүүхэд л бол ажил хийж болохгүй гэх туйлширсан ойлголт бас бий. Тэгвэл хүүхдийн наснаас хамаарч тодорхой цагийн ялгаатайгаар хөдөлмөр эрхэлж болдог юм билээ. Харамсалтай нь бидний өмөөрч, хамгаалаад байгаа хүүхдүүдийн ихэнх нь аль хэдийнэ архи тамхинд нэвтэрч, "том" болсон байдаг. Ер нь тэдэнтэй хүүхэд шиг хандах уу, насанд хүрэгч шиг харьцах уу гэдэг тодорхойгүй байдал бий болох нь.
Хөдөлмөр хүнийг "хүн" болгодог гэдэг. Мэдээж хийж байгаа ажил нь хүүхдэд хохиролгүй байх ёстой. Ахлах ангийн сурагчдыг цэвэрлэгээний аянд мордууллаа гэхэд болохгүй зүйл юу байна вэ? Байнгын хөдөлгөөнтэй байх учир даарч бээрэх асуудал харьцангуй бага тул өөр бэрхшээлтэй зүйл энд бараг байхгүй. Харин ч хүмүүжилд, цаашлаад нийгэмшихэд, харилцааны төлөвшилд төдийгүй бие бялдрын хувьд ч сайн талтай байж болох.
Тэгээд ч миний эрх өөр хэн нэгний эрхээр хязгаарлагддаг энэ нийгэмд хүн бүр эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Энэ эрхийг хангах нь бидний үүрэг байх учиртай юм. Хальтиргаа, гулгаанаас үүдэлтэй хохирлууд эрс нэмэгдэж байгааг өдөр тутамд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд албан эх сурвалжаас мэдээлж байгаа. Тэгвэл хамгийн гол бэрхшээл энд л байна. Өөрөөр хэлбэл, тэнцвэр шаардсан мөсөн коток болсон зам, гудамж, талбай энэ цаг мөчид амь нас, эрүүл мэндийг хохироож байгаа гол дайсан болсон. Энэ л тулааны талбарт гарах хүн хүч илүүдэхгүйг хотын дарга олж харсан учраас олон нийтийн тоонд ахлах ангийнхныг багтаасан биз.
Тэгэхээр техник, тоног төхөөрөмж, хүн хүчний бүхий л чадлыг дайчлан аль болох хохирол багатайгаар богино хугацаанд хотоо цэвэрлэх цаст тулаанд хушуу биш хуруу нэмэх л хэрэгтэй байна. Бусдыг хараад суух бус бусдад үлгэрлэж сурах нь хүүхдийн ирээдүйд ч хэрэгтэй. Анги хамт олноороо ах, эгч нартайгаа мөр зэрэгцэн нийгэмд хувь нэмрээ оруулснаар тэдэнд хохирох зүйл байхгүй.
Байгалийн давагдашгүй хүчин зүйлийг хэн нэгэнд даатгаад орхих бус боломжоороо өөрсдийн хувь нэмрийг оруулахад уг нь бидэнд чадахгүй, бүтэхгүй асуудал гэж үгүй. Алдарт бичин жилийн ес эхлээгүй байна шүү дээ.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ