ИНЕГ байнгын бэлэн байдалд ажиллаж байна

Иргэний нисэхийн ерөнхий газар /ИНЕГ/ Монголын газар нутгаар хойд туйлын хүйтэн агаар дайран өнгөрөхтэй холбоотойгоор байнгын бэлэн байдалд шилжжээ. Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллэж буйгаар, энэ оны арванхоёрдугаар сараас ирэх жилийн нэгдүгээр сар дуустал төв болон зүүн аймгийн зарим газраар олон жилийн дунджаас хүйтэн байх аж. Тиймээс ИНЕГ-ын Тэргүүн дэд дарга Б.Алтанцом Агаарын навигацийн болон нисэх буудлуудын бодлого зохицуулалтын хэлтсүүдийн харьяа алба, салбарууд, орон нутгийн нисэх буудлуудын үйл ажиллагааг сайжруулах, гарч болзошгүй нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх, байнга бэлэн ажиллах даалгавар өгчээ. Тус даалгаврын хүрээнд ИНЕГ-ын хэлтэс, албадууд ирэх оны хоёрдугаар сар хүртэл байнгын бэлэн байдалд ажиллах юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ