Үл мэдэгдэх шингэн ууж хордсон 24 хүн байна

Дорнод аймгийн Матад сумын нутагт үйл ажиллагаа эрхэлдэг /аймгийн төвөөс зүүн урд зүгт 220 км/ Газрын тосны “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн 21 дүгээр талбайд тус компанийн туслан гүйцэтгэгч “Зөв боломж” ХХК-ийн ажилчид энэ сарын 24-ний өдөр шингэн зүйлийг архи гэж андууран уусны улмаас хордсон байна. Энэ тухай дуудлагыг энэ сарын 25-ны өдрийн 22:20 цагт аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн яаралтай түргэн тусламжийн төвд хүлээн авчээ. 27-ны өдрийн 07:00 цагийн байдлаар иргэн Б /33 настай, эрэгтэй/, Б /33 настай эрэгтэй/, Э /33 настай эрэгтэй/, Б /43 настай эрэгтэй/ нарын дөрвөн хүн нас барж, 26-43 насны нийтнайман хүн тус аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн Халдвартын тасагт хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Дорнод аймагт ажиллаж буй мэргэжлийн багийн эмч нартай цахим хурал хийж, өвчтнүүдийн эмчилгээний талаар санал солилцож, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ. Одоогоор 24 өвчтнийг илрүүлж, 5 өвчтөнд гемодиализ эмчилгээнд оруулсан аж. Өвчтнүүдийн биеийн байдал тогтворжих хандлагатай байна гэж мэргэжлийн багаас мэдээллээ.
Цаашид ард иргэдийг архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй байх мөн сэрэмжлүүлэг, мэдээллийг эрчимтэй зохион байгуулах талаар мэргэжлийн байгууллагуудад чиглэл өгсөн байна.
Мөн тус аймгийн Засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсийн даргаар ахлуулсан Хууль зүйн хэлтэс болон Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газрын хамтарсан шуурхай ажлын хэсэг “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн 21 дүгээр талбайд нөхцөл байдалтай танилцахаар явсан байна.
Эрүүл Мэндийн Яам, Онцгой Байдлын Ерөнхий Газар, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газраас томилогдсон шуурхай ажлын хэсэг тус аймагт болсон нөхцөл байдалтай танилцахаар өнгөрсөн шөнийн 00:00 цагтДорнод аймаг руу явжээ.
Нийт 24 хүн өртөж, дөрвөн хүн нас барж, таван хүн эрчимт эмчилгээний тасагт, долоон хүн эмнэлгийн хяналтанд, бусад нь гэртээ хяналтанд орж эмчлүүлж байгаа юм байна.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ