Вакцинтай мах идмээргүй байна

Манай улсад малын гоц халдварт өвчний гаралт тогтмол бүртгэгдэж байдаг. Ялангуяа сүүлийн үед ихэвчлэн баруун болон төвийн бүс нутгаар олон тоогоор, ерөнхийдөө нийт орон нутагт бүртгэгдсээр л байна. Нийт монголчуудын хүнсний гол хэрэглээ бол мэдээж мах. Тэгэхээр 70 гаруй сая малтай гурав гаруй сая монголчуудын хувьд махны нийлүүлэлт бүрэн хангалттай. Гэхдээ энэ удаад нийлүүлэлт, үнэ гэхээс илүүтэй чанарын асуудал эмзэг сэдэв болоод байна. Учир нь хэд хэдэн төрлийн халдварт өвчний эсрэг вакцинжуулсан малын махыг өнөөдөр бид идээгүй гэх баталгаа алга. Вакцин хийлгэсэн бог малыг 21 хоногоос дээш хугацааны дараа нядалж хэрэгцээнд нийлүүлж болдог юм билээ. Тэгвэл үнэхээр 21 хоносныг хэн гэрчлэх вэ? Тухайн вакцин хийлгэсэн малын мах хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэх баталгаа байхгүй. Тийм л учраас хоног хугацаа заасан байж таарна.

Мэдээж мэргэжлийн хяналтынхан тухайн малчин айл хэдий хугацааны дараа малаа нядалж байгааг танадаад суух боломжгүй. Тэгэхээр бид малчин арддаа итгэж найдахаас өөр аргагүй болж байна.

Тухайлбал, дэлхий даяар 1942 оноос хурдтай тархаж буй малын гоц халдварт өвчнүүдийн нэг, эдийн засгийн хувьд асар их хохирол дагуулдаг өвчин нь Бог малын мялзан гэж байгаа. Үүнээс гадна боом, галзуу, малын цусан халдварт , гахайн цусан халдварт, гахайн мялзан, бруцеллёз, адууны томуу зэрэг олон тооны өвчин бий. Үүнээс сэргийлж вакцин хийнэ. Мэдээж энэ бол зайлшгүй шаардлагатай арга хэмжээ мөн. Гэвч ард иргэдийн хүнсний аюулгүй байдал хэр хангагдаж байгааг хэрхэн яаж хянах вэ гэдэг бодох л асуудал. Тиймээс энэ сэдвийг сөхөж, харьяалагдах газрын анхааралд хүргэх гэж хөндлөө. Эсвэл иргэдэд вакцинтай мах аюулгүй гэдэг баталгаа гаргаж өгөх хэрэгтэй байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ