Ерөнхийлөгч болно гэсэн хүнийг л бариад байх уу

Ардын элчийн Ариунааг хувьсгалт үйл хэрэгт оролцож явахад нь оросын цагаантнууд баривчлах тушаал авахдаа “Сайхан хүүхэн болгоныг бариад байх хэрэг үү? Энэ чинь харин аятайхан хэрэг байна даа” гэдэг шиг Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэсэн хүмүүсийг л барьж хорих гээд байгаа юм уу даа. Арай үгүй байлгүй дээ. Ерөнхийлөгчид дэвшинэ гэсэн хүмүүсийг л хорих гээд байгаа юм уу, эсвэл шалгагдаж байгаа хүн бүр Ерөнхийлөгчид дэвшинэ гэж зарладаг моод дэлгэрээд байна уу? Энэ бол өөр өөр асуудал.

Өчигдөрхөн Н.Алтанхуягт АТГ-аас мэдүүлэг авахаар 14:00 цагийн үед зарлан дуудах хүргүүлсний дагуу тэрээр 16:30 цагийн үед АТГ-т очоод дөрвөн цаг орчмын дараа гарч ирсэн. Энэ явдалтай холбогдуулан тэрээр орохоосоо өмнө сэтгүүлчдэд хандан мэдэгдэл хийсэн юм. Түүний хэлсэнчлэн Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэсэн чинь сэжигтнээр татаж хорих гээд байна гэсэн юм. Энэ нь “Хар хайрцаг” нэвтрүүлгийн үеэр ярьсан асуудалтай нь холбоотой хэмээн тайлбарлав. Н.Алтанхуяг өөрийг нь хэрэгт сэжигтнээр тооцон шалгаж эхэлсэнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг ямар нэг байдлаар холбож орхисон. Тодруулбал, “Оюутолгой, Тавантолгой, Саусгоби, Эрдэнэтийн хөрөнгө мөнгийг цөөхөн хүмүүс завшаад байна гээд хэлчихсэн чинь Ц.Элбэгдорж, тэдний бүлэглэл амь тавьж байгаа юм шиг байна.” гэв. Тэгэхээр энэ асуудлыг ярьсан болгон л хохироод, хоригдоод байна гэж баймааргүй юм. Учир нь энэ талаар бараг амтай, хэлтэй болгон ярьж хэлж, өөрийн үзэл бодлоо дэлгэж байгаа. Тэгвэл тэднийг яагаад шалгахгүй байна вэ? Тэдний дунд ч бас нэр дэвших магадлалтай хүн бий.

Уг нь албаныхны мэдэгдэж байгаагаар Н.Алтанхуягийн саатуулагдсан дүү нар нь гэх хүмүүсийг хууль бус тендерийн асуудлаар шалгаж байгаа гэж мэдэгдсэн. Гэхдээ өчигдөр дүү болох Н.Наранцэцэг нарын хоёр хүнийг сулласан байна. Тэдний саатуулагдах 14 хоногийн хугацаа нь дууссан байна.

Тэгэхээр дүү нарынх нь холбогдсон хэрэгт сэжигтнээр татав уу, нэвтрүүлэгт ярьсан зүйлд нь хамаатуулж мэдүүлэг авсан уу гэсэн хоёр асуудал Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зүгээс харагдах боллоо. Ямартай ч Н.Алтанхуяг гэдэг хүн яах аргагүй бүтээн байгуулалт, ардчиллын төлөө ихийг хийсэн хүн гэдэгтэй маргах хүн ховор биз. Харин энэ явдлуудын учиг хэзээ, хаана тайлагдахыг харах л үлдэж байх шиг.

Ямартай ч Ерөнхийлөгчтэй холбож ярьсан дээр дурдсан хөрөнгө мөнгөний тухай ярианаас болж түүнийг нэр дэвшүүлэхгүй гэж зохион байгуулалттай “юм” хийгээд байна уу, хамаатнаараа холбогдон шалгагдаж байгаа 4,2 тэрбум төгрөгийн хууль бус тендерийн асуудал түүний нэр дэвших замд тээг болох гээд байна уу гэдгийг гагцхүү хууль хяналтын байгууллага нь шалгаад үнэн мөнийг нь тогтоох биз ээ. Харин тэр цагт л элдэв таамгийн хариу тодорхой болно.

Д.Билгүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ