58 настай эмэгтэйг дээрэмдсэн этгээдийг шуурхай илрүүлжээ

Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид дээрмийн гэмт хэргийг шуурхай илрүүлсэн байна. Тодруулбал, БГД-ийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Түмэн плаза төвийн ард цүнхтэй мөнгөө дээрэмдүүллээ” гэсэн мэдээлэл энэ сарын 28-ны шөнө тус цагдаагийн газарт иржээ. Тус дүүргийн 12 дугаар хороонд оршин суух 58 настай, эмэгтэй Ц дээрэмдэх гэмт хэргийн хохирогч болж, хар өнгийн цүнхтэй бэлэн мөнгө, бичиг баримт болон бусад эд зүйлээ дээрэмдүүлсэн байж.

Эргүүлийн үүрэг гүйцэтгэж явсан цагдаагийн алба хаагчид уг хэргийг 36 настай, эрэгтэй Э гэгч үйлдсэнийг түргэн хугацаанд илрүүлэн, Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлжээ.

Иргэн Ц-ийн цүнхэнд бэлэн 500 мянган төгрөг, чухал бичиг баримтууд байжээ. Тэрээр эд зүйлийг нь дээрэмдсэн гэмт этгээдийг шуурхай илрүүлсэн цагдаагийн алба хаагчдад талархаж буйгаа илэрхийлсэн байна.

Иргэдийг орой үдшийн цагаар, гэрэлтүүлэггүй болон хүн цөөнтэй газраар ганцаараа зорчихгүй байхыг, элдэв гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

М.Хатанаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ