Нэр өөрчлөх нь “нээрээ” ашигтай бизнес

Төрийн албан тушаалтнууд, тэр дундаа эрх баригчид “нээрээ” их ажил хийж байгаа юм шүү. Аль нэг намын үе гэж энд цохон тэмдэглэхгүй. Тэртэй тэргүй хүн бүрийн бухимдах асуудлын нэг болсоор ирсэн энэ асуудлыг цаг хугацаатай нь, эзэнтэй нь тоочих шаардлагагүй. Хэдийд юуны нэр өөрчлөгдөж байгааг хүмүүс мэдэж байгаа. Товчхон дурдвал, 1, 2, 3-р төрөхүүд нэртэй болсон. Нийслэлийн төв талбай, нисэх онгоцны буудал болон Хэнтий аймгийн төвийн нэрийг их эзэн Чингисээр нэрлэсэн. Харин талбайн нэрийг буцаагаад Сүх жанжных болгоод буй гээд олон тоогоор дурдаж болно. Төр солигдох бүрд нийтлэг үзэгддэг бараг хэвшил болсон нэг зүйл бол мэдээж төрийн байгууллагуудын нэр, хаягийг өөрчлөх. Нэг хоёр үг, үсгийн байршлыг солих, үг нэмж хасах төдийд их ажил өрнөдөг. Үүнийг анзаараагүй нэгэн бол өөр өчнөөн том том шийдвэрлэж хийх ажлууд байхад нэр төдийхнөөр оролдож суух юм хэмээн бухимдана.

Тэгвэл энэ нэр, хаяг өөрчлөх нь “нээрээ” л бас нэг бүтээн байгуулалтын ажил юм. Гэхдээ нийгмийн хүрээнд ямар ч ашиггүй ч, нэг хэсэг бүлэгт бол нэлээд ашигтай ажил болоод байгаа. Тиймээс энэ шалгарсан аргыг эрх мэдэлтэй хэн бүхэн маш сайн гүйцэтгэлтэй орхигдуулалгүй хийдэг болжээ.

Нэр бүү хэл, нэг үсгийг нь солиход тухайн байгууллагын хаяг, тамга тэмдэгээс эхлээд албан бичиг баримтууд гээд бүгдийг өөрчлөх шаардлага гарна. Цаашилбал, дотоод тасаг, хэлтсүүдийн нэрэнд өөрчлөлт орвол нэлээд нөсөр ажил болж байгаа юм.

Ингээд л их өрнүүн ажил цэгцэрч дуусахад төсөвлөсөн зарцуулалтаас төвөггүйхнээр “багагүй юм” хүртэнэ. Хэрэв хүртэх ашиггүй бол нийгэмд ч онцын ач холбогдолгүй энэ их ажлыг эхлүүлэхийн ч хэрэггүй юм шүү дээ.

Нөгөө талаас нь үүний үр дүн сөрөг нөлөөтэй байх нь элбэг. Жишээ нь, гадаад, дотоодын хүмүүс бизнес эрхлэх, төсөл хэрэгжүүлэхээр жил шахуу хөөцөлдөж байтал өнөөх сайд нар нь солигддог, улмаар яамд нь хүртэл алга болчихдог. Энэ нь албан тушаалтнуудын болон үг үсгийн солио холиотой л холбоотой юм. Бүр энгийнээр бол урьд нь ирж байсан гадныхан байтугай монголчууд бид өөрсдөө хотдоо төөрөх, хаяг, нэрийн асуудлаас болж хохирох явдал элбэг боллоо.

Тэгэхээр л нэр солих, нэг үсэг өөрчлөх гэдэг чинь өчүүхэн бус өрнүүн их ажил болж таараад байгаа юм. Энэ аргыг тушиж, иргэд ард олноо бодох цаг хэзээ ирэх юм бол доо.

Д.Билгүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ