Хоёр хүн дайрч амь насыг нь хөнөөсөн хэргийг шүүхээр шийдвэрлэжээ

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 1-р багийн нутаг дэвсгэрт 2016 оны зургадугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө О нь "Тоёота приус” 10 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2, 2.7 дахь заалтуудыг зөрчин зам тээврийн осол гаргасны улмаас Д, О нарыг дайрч амь насыг нь хохироосон гэх хэрэг гарсан.

Хэрэгт Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, Сэлэнгэ аймгийн прокурорын газрын хяналтын прокурор хяналт тавьж ажилласан ба 2016 оны 09 сарын 16-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч О-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасч 4 жилийн хорих ялаар шийтгэн, Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.10, 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Замын хөдөлгөөний дүрмийн:

9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.

2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно:

а/согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;

б/тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) буюу түүнчлэн согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнд жолоогоо шилжүүлэх;

в/зам тээврийн ослын дараа шинжилгээ авах, эсвэл шаардлагагүй гэж эрх бүхий этгээд шийдвэр гаргах хүртэл согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэх;

г/гарны оролцоогүйгээр ашиглах боломжгүй телефон утсыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний үед хэрэглэх;

д/тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохио дур мэдэн тавих;

е/тээврийн хэрэгслээр зорчих хэсгийн хашлага давах, явган хүний зам буюу хөвөөгөөр явах, батлагдсан замаас гарч шинэ зам гаргах, байгаль орчин, газрын хөрс, хадлан, тариалангийн талбай, ой модыг гэмтээх, гол мөрөн, нуур, булаг, хиймэл усан байгууламжийг бохирдуулах;

ж/зам хөндлөн буюу гүүрээр тууварлан гаргаж байгаа мал, ердийн хөсгийг үргээх;

з/цуваанд яваа тээврийн хэрэгслүүдийн буюу жагсаалаар яваа хүмүүсийн дундуур нэвтрэн гарах, тэдний хооронд байр эзлэх.

М.Хатанаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ