Өндөгний шинэ эсэхийг шалгах шалгарсан арга

Өндөгний хэмжээ, хальсных нь өнгөөр түүний шинэ эсэхийг болон чанарыг тодорхойлж болно гэсэн бодол тархмал байдаг ч, ингэх боломжгүй юм.

Юуны өмнө өндөг бүтэн, цууралтгүй, цагаан нь юмуу шар нь гадагшаа урсаж гараагүй, түүнчлэн бохирдолгүй байх ёстой.

Дөнгөж амт орох төдий давс хийсэн стакан хүйтэн усанд хийсэн шинэ өндөг тэр даруйдаа аяганы ёроолд живнэ. Хэрвээ өндөг стаканы дунд “тогтвол”, өндөг цоо шинэ биш нь тодорхой. Ийм өндгийг сайтар чанаж, шарсны дараа л хэрэглэж болно. Харин өндөг аяган дахь усан дээр хөвж гарч ирвэл, түүнийг даруй хаяж болно, ийм өндөг муудсан нь лавтай.

Хэрвээ шинэ өндгийг тавган дотор хагалвал, өтгөн цагаан уураг нь хэлбэрээ сайн барьж, харин шар нь бөөрөнхий хэвээр байх болно. Хуучин өндөгний шингэн цагаан нь таран урсаж, харин шар нь шалчийж хавтгай болно.

Өндгийг шинээр нь аль болох удаан байлгая гэвэл,түүнийг хөргөгчид шөвгөр талаар нь доош нь харуулан хадгалах хэрэгтэй. Өндөгийг чанаж, шарахын өмнө л угаах хэрэгтэй.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ