Нийслэлийн удирдлагуудын нэр дээр өргөдөл, гомдол ирээгүй байна

“Хар сарнай” хамтлагийн дуучин Амарааг зодсон хэргийн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэрээр “Аз жаргалтай Улаанбаатар” цэнгүүний үеэр зодуулсан тул нийслэлийн удирдлагууд хариуцлага хүлээх ёстой гэж зарим иргэд үзэж байгаа юм. Тэгвэл тухайн арга хэмжээг нийслэлээс зохион байгуулаагүй гэдгийг албан ёсоор мэдэгдээд буй. Мөн уг хэрэгтэй холбоотой мэдээллийг өнөөдөр ЦЕГ-аас өглөө.

Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Ё.Лхагвасүрэн “2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр ХУД-ийн 14-р хорооны нутаг дэвсгэрт иргэн А бусдад зодуулсан гэх дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн. Мэдээллийн дагуу ХУД-ийн цагдаагийн I хэлтсээс шалгалт хийсэн. Тухайн хэрэгт хохирогчоор иргэн А-г тогтоогоод Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгалт хийгдээд явагдаж байна. Иргэн А-гийн өмгөөлөгчөөс нэр бүхий хүмүүс дээр гомдол гарган шалгуулах хүсэлт өгсөн гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан. Тэгвэл одоогоор ХУД-ийн цагдаагийн I хэлтэс дээр албан ёсоор тухайн иргэний өмгөөлөгчөөс хүсэлт, өргөдөл ирээгүй байна.“ гэлээ.

Тэгэхээр нийслэлийн удирдлагуудыг уг хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэх зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан мэдээлэл ор үндэслэлгүй байжээ.

М.Хатанаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ