Х.Тэмүүжин: АН-д шинэ салхи хэрэгтэй

Ардчилсан намын VI их хурал Соёлын төв өргөөнд үргэлжилж байна. Хурлын эхэнд тус намын дарга З.Энхболд илтгэл тавихдаа энэ Их хурлаар намын дарга сонгохгүй,дүрмээ сонгоно гэв.

Ардчилсан намын шинэтгэлийн хөтөлбөрийг УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин танилцуулж байна. Тэрбээр “Ардчилсан намд эв нэгдэлтэй байж чадаагүй гэдэг. Гэхдээ эв нэгдэлтэй байна гэдэг МАН шиг муу, муухайгаа нууна гэсэн үг бишээ. Ардчилсан намын эв нэгдэл бол фракц дагаж гүйх биш дүрмэн дээрээ нэгдэхийг хэлнэ. Ардчилсан нам бүх шатны эрх мэдлээ шат, шатандаа тодорхой болгохгүй бол давхацсан эрх мэдэл хагаралдуулдаг. Ардчилсан намыг нэг толгойтой болгохын тулд яаж нэг нам болгох вэ гэдгээ шийдэх ёстой. Улс орныг хөгжүүлэх хамгийн гэрэл, гэгээтэй санаачлагыг бид гаргаж чаддаг. Түүнийхээ хэлэлцүүлгийг нам дотроо хийхгүй бол болохгүй байна.Бид аливаа шийдвэрийг зөвшилцлийн зарчмаар, гэхдээ дүрмээ сахиж, цөөнх болсон нь олонхийн шийдвэрээ дагаж, олонх нь цөөнхүү хүндлэхгүй бол бид цүнх барьсан хүмүүс, фракцид хуваагсдан хүмүүсийн тэмцэлийн талбар болно.Ардчилсан намд шинэ салхи хэрэгтэй байна. Тогтмол ус үмхийрдэг. Тиймээс хаалга үүдээ сайн нээх хэрэгтэй. Намын бүртгэлийг цахимжуулж, тэр нь нээлттэй байж хуйвалдааны намаас салах цаг болжээ. Нээлттэй, оролцоотой, цахим ардчилсан намгэдэг энэ хурлаас гараад 2017 оны хоёр сард шинэ намын тогтоцтой, шинэ даргатай, шинэ гишүүдтэй болно” гэв. Шинэтгэлийн хөтөлбөрт АН-ын ҮЗХ-г 330 хүнтэй болгох, Гүйцэтгэх зөвлөлийг Ерөнхий зөвлөл болгох, ҮЗХ-ны гишүүдийн нэг жилийн татварыг таван сая төгрөгөөр тогтоож байгаа юм байна.

Их хурал түр завсарлаад байна.

Ж.ЭРХЭС

СЭТГЭГДЭЛ БИЧИХ