“Аз жаргалтай Улаанбаатар” цэнгүүн тойрсон үнэн, худал

“Аз жаргалтай Улаанбаатар” хөтөлбөр батлагдсанаас хойш энэ нэр Хотын дарга С.Батболдын гуншин шиг л болжээ. Учир нь ийм нэртэй үйл ажиллагаа бүр түүнийх мэт ойлгогдох болсныг саяхны нэг жишээ тод харуулав. Уул нь МАН-ын мөрийн хөтөлбөр юм байналээ л дээ.
“Аз жаргалтай Улаанбаатар” цэнгүүн гэж зохион байгуулагдлаа. Цэнгүүний үеэр “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандахыг ОХУ-ын ЭСЯ-ны ажилтан Н.А.В гэгч армен хүн зодсон гэх. Дуучин Амараагийн гэр бүл, өмгөөлөгчийн хамт ОХУ-ын Элчин сайдын яаманд хандсан.
Харин асуудлын гол нь юунд байна вэ гэхээр тус цэнгүүний үеэр болсон үйл явдлыг өөр байдлаар тайлбарлаж байгаад л оршиж байна. Нэг талаас /эх сурвалж тодорхой бус/ уг цэнгүүнийг нийслэлээс зохион байгуулсан. Харин нөгөө талаас нийслэлийн хэвлэл мэдээллийн алба болон хотын дарга /албан эх сурвалж / өөрөө тухайн цэнгүүнийг нийслэлээс зохион байгуулаагүй гэв. Уг мэдэгдэлд зохион байгуулах нь бүү хэл нийслэлийн төсвөөс нэг ч төгрөг зарцуулаагүй гэсэн. Зарим иргэдийн зүгээс нийсэлийн удирдлагууд зохион байгуулсан учраас хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байгаа бол хотын захирагч цэнгүүнд бусдын адил урилгаар очсон зочин байжээ.
Тэгэхээр хэвлэлүүдэд мэдээлж байгаачлан хотын удирдлагуудын урилгаар Амараа ирээд дуулаад зодуулсан, түүнийг нууж, хаасан гэх асуудал үгүй болж байна. Энэ цэнгүүнийг “Аз жаргалтай залуус” залуучуудын клубийн залуус өөрсдийн сайн дурын үндсэн дээр зохион байгуулж, урилгаар ОХУ, БНХАУ ЭСЯ-ны дипломат төлөөлөгчид болоод хотын удирдлага, УИХ-ын гишүүдийг урьж, оролцуулсан юм байна.
Хохирогчийн өмгөөлөгч Г.Батбаяр нийслэлийн удирдлагуудын нэр дээр гомдол ирүүлсэн, улмаар хэрэг үүсгэж шалгагдах боллоо гэх мэдээлэл хэвлэлүүдээр болон сошиалаар гарах болсон. Зохион байгуулагчийн хувьд тэднийг хэрэгт холбогдуулан шалгаж эхэлж байна гэж мэдээлсэн бололтой. Харин энэ талаар өчигдөр цагдаагийн байгууллагаас албан ёсоор мэдээлэл өгсөн. Тэгвэл тэдэнтэй холбоотой ямар нэгэн өргөдөл, гомдол хэргийг шалгаж байгаа ХУД-ийн I хэлтэст огт ирээгүй гэдгийг баталлаа. Харин хотын дарга С.Батболд Амарааг цохиулах үед байгаагүй уг арга хэмжээнд үг хэлээд л гарсан гэдгийг түүний хэвлэлийн төлөөлөгч хэлсэн байна.
Мөн хэрэг гарснаас хойш байцаагч нь солигдсон нь олны дунд эргэлзээ төрүүлээд буй. Албаныхны хэлснээр нэг хэргийг заавал нэг мөрдөгч шалгана гэсэн зүйл байхгүй бөгөөд тухайн хэргийн нөхцөл байдал, зүйл заалтаас нь хамаарч байцаагч нь солигдох явдал байдаг юм байна. Энэ хэргийн тухайд эхнийх нь жижүүр байцаагч байсан аж. Хэрэгт эрүү үүсгэсэн болохоор одоо мөрдөж байгаа ХУД-ийн Цагдаагийн I хэлтсийн ахмад н.Ариунболд томилогджээ.
Хохирогч Амараагийн тухайд хамар нь хугарсан төдий гэмтэл авсан, мөнгө нэхсэн гэсэн мэдээлэл цацагдаж байсан. Өчигдөр албан эх сурвалжийн хэлснээр шүүх эмнэлгийн дүгнэлт гарч, түүнийг хүндэвтэр зэргийн гэмтэлтэй гэж тодорхойлсон байна.
Бас нэг асуудал олон нийтийн дунд бий. Дуучин Амарааг хохирсон асуудал нь ОХУ-ын Элчин сайдын яамныхны хийсэн үйлдэл мэт буруушааж буй зарим иргэд бусдыг өдөөн хатгах, хууль бус үйл хэрэгт уриалан дуудах, турхирах, олон нийтэд ташаа мэдээлэл түгээх зэргээр оросын нийт иргэдийг хүртэл үзэн ядах зэрэг үйлдэл гаргаж байна. Тэгвэл хохирогчийн ар гэрийнхэн болон найз, өмгөөлөгч нар хэвлэлийн хурлын үеэр ийм үйлдэл байж болохгүй, гагцхүү үнэн мөнийг хуулийн байгууллага тогтоох тул иймэрхүү хууль бус үйлдэл гаргахгүй байхыг хичээнгүйлэн хүссэн. Ингэх нь тэдэнд гай болно уу гэхээс тус болохгүй гэдгийг сануулсан юм. Ер нь энэ бол уураа барих чадваргүй нэг л хүний хийсэн хэрэг. Бусдыг хамаатуулах гэж хичээх шаардлагагүй.
Цаашлаад ухвал бусдын нэр хүндэд нөлөөлөх ямарваа нэгэн далд агуулга, санаа сэдэл хэн нэгэнд байгаа юм биш биз гэх хардлага ч гарч эхэлсэн. Нэг ёсондоо тамын тогооны үлгэрийн ээлжит дүр зураг энд үзэгдээд өнгөрөх шиг. Одоо асуудал хохирогч Амараагийн өмгөөлөгч рүү чиглэж эхлэв. Түүнийг уг хэргийг бантагнуулж буй талаар зарим мэдээллийн хэрэгсэл бичиж, худалчаар нь хүртэл дуудах боллоо. Зарим иргэд сошиалаар дуучин Амараа согтуу байсан нь асуудлыг хүндрүүлсэн хэмээн жиргэж байна.
Аль нь байлаа ч аливаа мэдээлэлд хянуур, болгоомжтой хандаж байхгүй бол бид бусдын ятгалга, буруу мэдээлэлд автаж, үг хэлэх эрхээ эдэлж, үзэл бодлоо ташаа эх сурвалжаар илэрхийлснээсээ болж өөрсдөө хариуцлагад унах вий. Үнэн, худлыг дэнсэлж, зөв бодитойг нь хүлээн зөвшөөрөх нь асуудлыг шийдэхэд хэн хэндээ дөхөм байх болно.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ