Нийт гишүүдээс сонгогдвол хэн нэгний нөлөөнд автахгүй

Ардчилсан намын VI Их хурлаар хэлэлцэж байгаа асуудлаар Их хурлыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат өнөөдөр/2016.12.07/ сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө

-Их хурлаараа Ардчилсан нам нэлээд зүйл шийдчих болов уу гэтэл дүрмээ жишээ нь нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд шийдэх боллоо. Энэ тохиолдолд Их хурал зарлан хуралдуулсны хэрэг гарч байгаа юм уу?

-Их хурлаар өчигдөр намын даргын илтгэл, Шинэтгэлийн хөтөлбөрийг хэлэлцсэн. Өнөөдөр Ардчилсан намын үндсэн дүрмийн өөрчлөлт хэлэлцэж байна. Үе шаттай ажиллана. Асуудлыг сэтгэлийн хөөрлөөр 1100 хүний хүрээнд алх цохиод шийдчих шиг амархан юм байхгүй.

Ардчилсан нам энэ Их хурлаар юуг их онцолж харж байна вэ гэвэл ирээдүйнхээ чиг хандлага, үзэл баримтлал, зохион байгуулалтыг яаж авч явах юм бэ гэдэг туйлын тулгамдсан асуудал учраас намын дотоод үзэл баримтлалын зохион байгуулалтын шинэчлэл бол үйл явц юм гэж харж байгаа. Ардчилсан намын шинэчлэл 2017 он хүртэл үргэлжилнэ гэж онцолж хэлсэн нь ийм учиртай.

Өнөөдрийн энэ хурлаар юуг шийдэж байна вэ гэвэл ирээдүйн хөгжлийн энэ чиг хандлага руугаа зөв үзэл баримтлалтай, зөв зохион байгуулалттай орохын тулд хамгийн эхэнд юу хийх юм бэ гэдэг эхний алхамыг энэ их хурлаар ойлголцъё. Тийм учраас энэ удаагийн дүрмийн шинэчлэл зөвхөн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд явах нь зөв байгаа.

Ардчилсан нам нээлттэй нам болох хамгийн анхны алхамаа хийж байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр намынхаа даргыг нийт гишүүдээсээ сонгож, намынхаа бүтэц зохион байгуулалтаа дахиад шинээр зохион байгуулъя гэж байгаа юм. Намын даргаа нийт гишүүдээрээ сонгоно гэдэг нь фракцгүй болж байгаагийн хамгийн тод жишээ юм. Өөрөөр хэлбэл, нийт гишүүдээсээ сонгогдсон намын дарга хэн нэгний нөлөөлөлд автахгүй байх бүрэн эрх нь хэрэгжих бололцоо нь үүсэх юм. Намыг тогтвортой удирдах боломж нь цааш үүсэх юм.

Манай гишүүдийн зарим нь бухимдаж байгааг буруутгахгүй. Бүх юмаа шийдээд гарчихъя гэж боддог, нуулгүй хэлэхэд өдөөдөг хэсэг ч бий. Тэр болгон луу бид алхахгүй.

Одоо энэ Их хурлын дараа намын даргын марафон явж дуусаад шинэ намын дарга сонгогдсоны дараа шинэчлэлийнхээ процессыг, үзэл баримтлалынхаа шинэчлэлийг шинэ намын даргын манлайлал дор хийх ёстой. Энэ шинэ намын дарга яаж харагдах вэ гэхээр бүх намынхаа гишүүдийг төлөөлж байгаа болохоос биш аль нэгэн хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашгийг хамгаалсан ийм шинэчлэл рүү авч орж болохгүй юм шүү гэдгийг л өнөөдөр бид хийгээд байгаа юм. Тийм учраас хаа, хаанаа зөв ойлгох ёстой.

-Фракцгүй болно гэж та хэллээ, чадах уу. Чадсан нөхцөлд ямар шинэчлэлт өөрчлөлт гарах вэ?

-Нэг хүнийг тойрсон эрх ашгийн нэгдэл битгий байгаасай. Энэн дээр манай намынхан бүгдээрээ санал нэгтэй, маргалдах юм байхгүй байгаа.

Цаашдаа энэ нам дотор үзэл бодлынхоо бодлогыг хэрэгжүүлэхийн тулд хэсэг бүлгээрээ нэгдэх, тэрийгээ лоббидох энэ хэмжээний зүйл аль ч намд байдаг, ийм эрүүл байгаасай гэж бодож байна. Тийм учраас дүрмийн нэмэлт өөрчлөлтөд орж байгаа нэг алхам нь шинээр байгуулагдах Үндэсний зөвлөлдөх хороо/ҮЗХ/, дунд шатны намын хороодууд намын даргаас үл хамааралтай болно. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд ҮЗХ хуралдах бүрийд намын дарга ярьдаг байлаа. ҮЗХ нь намын даргыг огцруулах ч эрхтэй, томилох ч эрхтэй учраас. Шинэ дүрмийн өөрчлөлтөөр нийт гишүүдээр сонгогдсон намын даргыг ҮЗХ-ны хуралдаанаар хэлэлцээд огцруулах тухай ярих эрхгүй болно. Шинээр сонгогдох ҮЗХ бодлогын асуудлаа л ярина. Энүүгээрээ том алхам хийж байгаа.

-Их хурлыг өчигдөр хаалттай горимд шилжүүлсний дараа танай намын зарим гишүүн “Ийм ардчиллын төлөө яваагүй, намаасаа гарлаа” гэдгээ мэдэгдсэн. Яагаад Ардчилсан нам гишүүдээ алдаад байна вэ?

-Ардчилсан нам гишүүдээ алдаж байна гэж би үзэхгүй байна. 1210 гишүүнийг та бүхэн харж байгаа, энд Монголын жирийн иргэдийн төлөөллүүд бий, би тэднээр бахархдаг.

Энд зангиатай орж ирээд том, том ярьдаг хүн цөөхөн. Жирийн иргэдийг төлөөлсөн энэ гишүүд маань Ардчилсан намыг тарчаасай, бутарчаасай гэж бодож энд ирсэн гэж бодохгүй байна. Ардчилсан намд өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлсээр ирсэн, цаашдаа ч байна. Энэн дээр эмзэглэх юм байхгүй. Цаашдаа өөрсдийгөө аваад явах чадвартай байх ёстой гэдэг дээр л бид санал нэгдэх ёстой.

Өнөөдөр ардчиллын үнэ цэнэ үнэгүйдэж эхэлж байгаа, ардчиллаас залхаж байгааг бүгдээрээ харж байна. Ардчиллыг цаашдаа уландаа гишгээд явбал бид юу руу орох юм бэ гэдэг нь бидний тулгамдсан асуудал болохоос биш нэг хүний намаас гарна уу, орно уу гэдэг тулгамдсан асуудал биш юм.

-ҮЗХ-ноос намын даргад хариуцлага тооцох хэрэггүй гэж үзсэн байдаг. Гэтэл Н.Алтанхуяг гишүүн Засгийн газраа унагасан хүмүүст хариуцлага тооцох хэрэгтэй гэж үзээд байна. З.Энхболд дарга ирэх гуравдугаар сар хүртэл Ардчилсан намын дарга хэвээрээ байна гэсэн үг үү?

-Намын дарга огцорсноор, нэг хүн намаас гарснаар, нэг хүн нөгөөдөө хариуцлага хүлээлгэдэг байснаар асуудал шийддэг байсан бол маш олон зүйлийг шийдэх байлаа. Энэ бол бидний тулгамдсан асуудал биш юм байна гэдгээ хаа, хаанаа ойлгочихлоо. Тийм учраас бид бүх юмаа дүрмийнхээ шинэчлэлийн хүрээнд хийнэ. Бид урагшаа харж ажиллах ёстой. Өнгөрсөн амьдралд гарсан алдаа, дутагдлыг давтахгүйн тулд бид бүх юмаа цоо шинээр эрүүлээр харж, хамтын шийдвэрээ гаргах ёстой. Энэ бол бидний тулгамдсан асуудал.

Өнөөдрийн VI Их хурал бол тулгамдсан асуудлын шийдлийн хамгийн эхнийхийг тавьж чадах бүрэн бололцоотой л гэж харж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ