АН-ынхан хаалттай хаалганы цаана юу ярив

АН-ын зургадугаар Их хурлын төлөөлөгчид хаалттай хаалганы цаана юу ярьж байгааг үргэжлүүлэн хүргэж байна. Хаалттай хуралдааныг НИТХ-ын дарга асан Д.Баттулга удирдаж байгаа юм.

С.Эрдэнэ: -Цахим бүртгэлийг ил болгож болохгүй. Эрх баригчдад “Манай намынхан энэ байна шүү, халаад байгаарай” гэсэн жагсаалт гаргаж өгөх гэж байгаа юм уу. Эрх баригчид 2012 оноос хойш ажилд орсон хүмүүсийн судалгааг гаргаж байна. Үүн дээр нь нэмээд хүмүүсээ барьж өгөх гэж байгаа юм уу. Бантан шиг дүрэм оруулж ирдгээ боль, Ш.Түвдэндорж оо. Д.Нямхүү та хоёр 1994 оноос хойш намын дүрмээр тоглож байгаа шүү. С.Баярын Засгийн газрын үед Баянгол дүүргийн АН-ын гишүүдийг та хоёр шоронд оруулсан шүү. Үндсэн дүрмийн хорооны 11 хүнийг чинь мөнгөтэй хүмүүс худалдаж авна. Тиймээс Үндсэн дүрмийн хороо ийм бүтэцтэй байж болохгүй.

Д.Баттулга: -Та нар ингэж хувь хүмүүсийн хоорондын юмаа ярихаа боль л доо. Завсарлаад орж ирэхээр 30-40 минут алдаж байна. Тиймээс цагийг үр дүнтэй өнгөрүүлмээр байна. Ер нь завсарлагагүй хуралдмаар байна.

Ш.Түвдэндорж: -ҮЗХ-ноос 80 орчим хүний бүрэлдэхүүнтэй дүрмийн ажлын хэсэг байгуулсан. Гэтэл энд зөвхөн намайг буруутгаад байх юм. Гэхдээ би хэрүүл хийхгүй. Намын гишүүд хариуцлагатай байх ёстой гэдэг үүднээс үнэмлэхийг худалдаж авах нь зүйтэй гэж үзсэн юм. Гишүүдийн бүртгэлийг ил болгохын тухайд зөвхөн саналын эрхтэй гишүүдийн бүртгэл л ил байх юм. Түүнээс биш бүх гишүүдийнхээ бүртгэлийг ил болгоно гээгүй.

Шинэчлэлийн хөдөлгөөний төлөөлөгч Эрдэнэ-Өрнөх: -Дүрмийн төсөлд хариуцлагагүй хандаж байна. Тиймээс дараагийн намын Их хурал дээр дүрмийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулмаар байна.

Ц.ОЮУНГЭРЭЛ: -Манай нам өмнө нь марафон хийж байсан. Түүнийхээ дараа хоёр хуваагдаж байсан. Тиймээс энэ удаагийн марафоныг үр дүнтэй байлгах заалтыг энд оруулмаар байна. Ганцхан даргатай байхаар тэр албан тушаалаа булаацалдаад байдаг. Тиймээс гурван дэд даргатай байя гэж байсан юм. Гэтэл тэр заалт Их хуралд орж ирсэнгүй. Намын марафонд оролцоод хамгийн их санал авсан нь дарга бусад нь дэд дарга болох юм бол эв нэгдэл тогтоно. Манай нам шиг зовлон үзсэн нам байхгүй. Тиймээс 1996 оны марафоны зовлонг энэ марафоны дараа амсмааргүй байна.

"С.Эрдэнэ: -Цахим бүртгэлийг ил болгож болохгүй. Эрх баригчдад “Манай намынхан энэ байна шүү, халаад байгаарай” гэсэн жагсаалт гаргаж өгөх гэж байгаа юм уу."

Ховд аймгийн төлөөлөгч Чинбат: -Ц.Оюунгэрэл гишүүний саналыг дэмжиж байна. Нэг жилийн өмнө намд орж ирээд том том юм яриад авдаг хүмүүсийг иргэд сонгохгүй шүү. Манай намын шийдвэрийг Монгол орон даяар харж байгаа шүү. Тиймээс хариуцлагатай баймаар байна. Маргаашнаас АН-ын их хурал юу шийдэв гэдэгт хариулт өгөх болно.

Шинэчлэлийн хөдөлгөөний ерөнхий зохицуулагч С.Эрдэнэболд: -Манай хөдөлгөөнд бүх фракцын төлөөлөл бий. Гэхдээ бид нэгдэж нийлж ажиллаж болдог гэдгийг харуулж байгаа гэж бодож байна. Тиймээс нам ч гэсэн бүхэлдээ эв нэгдэлтэй байх хэрэгтэй. Залуучууд бид л бүгдийг шийднэ гэж асуудалд хандаагүй шүү. Бүх үеэрээ хамтраад намаа шинэчлэх нь зүйтэй гэж үзэж байна.

Завхан аймгийн төлөөлөгч Бат-Амгалан: -Намынхаа төлөө доод болон дунд шатанд зүтгэж байгаа гишүүдээ урамшуулдаг системтэй болгомоор байна. Ингэж гишүүдийнхээ идэвхийг нэмэгдүүлэх нь чухал шүү. АНУ-ын сонгуулийг хар л даа. Намд 10 жил битгий хэл 10 сар ч ажиллаагүй хүн орж ирээд ялчихлаа шүү дээ. Бид ер нь хаашаа явж байгаагаа сайн бодох хэрэгтэй. 1996 онд намын марафонд оролцож байсан хүмүүс тийм их туршлагатай байсан юм уу. Би АН-аа авармаар байна.

Ж.Батзандан: -Улс төрийн 10 жилийн туршлагатай хүн намын даргын марафонд оруулъя гэж байгаагаа боль. “Батзандан намд орж ирээд хэдэн жил боллоо” гэхэд нь “долоо” гэж хэлэнгүүт л ингээд 10 жил болгоод оруулаад ирэх юм.

Чингэлтэй дүүргийн төлөөлөгч Мөнгөнсар: -2-3 дэд даргатай байх ёстой гэсэн саналыг хэлж байна. Энэ нь зөв. Гэхдээ үүнд эмэгтэйчүүдийн квотыг бий болгох хэрэгтэй. Намд хагарал үүслээ гэхэд эмэгтэйчүүд зохицуулдаг, зөөллөдөг гэдгийг бодолцоорой.

Б.Энхбайгаль: -Үндсэн дүрмийн хороо Цэц шиг дээрээ тэнгэрээс өөр юу ч үгүй байгууллага болчих вий. Хоёрдугаарт, даргын төлөө марафон чинь юу болсон гэж иргэд асуухгүй. Эхлээд намын үзэл баримтлал чинь юу болов гэж асууна. Гэтэл намын даргын марафоныг л яриад байх юм.

Баянхонгор аймгийн төлөөлөгч Баасанжав: -Улс төрийн намуудын гол зорилго нь сонгуульд ялах. 2012 онд олон аймагт ялалт байгуулсан. Гэтэл 2016 онд хоёрхон аймагт яллаа. Энэ бол төв нам муу ажилласны үр дүн. Өнөөдөр залуучууд гарч ирээд ахмадууд зайгаа тавь гэж байна. Энэ бол зайл гэсэн үг. Бид зайлахгүй ээ. АН-ын дүрэм муу учраас нам муу байсан юм биш ээ. Дүрмээ ерөөсөө хэрэгжүүдэггүй л байсан юм. Дээр нь хариуцлагагүй гишүүн олон бий. Хурал ч хариуцлагагүй болж байна. Галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг хурал болж байна.

"Намын даргад өрсөлдөхөө мэдэгдсэн хүмүүсийг харж байгаад хамгийн дээд тал нь таван жил ажилласан хүнийг намын даргын марафонд оруулахаар шийдсэн. Гэтэл 10 жил болгоод оруулах ирэх юм.Ингэхээ боль л доо, ах нараа."

Орхон аймгийн төлөөлөгч Алтанхуяг: -Намын удирдах дээд байгууллага нь Их хурал. Гэтэл намын дарга гээд ойлгоод байх юм. Тэр даргыг чинь бид нар удирдана. Жил болгон Их хурлаа хийж байя. Зардал их гарна гэх байх. Барууны нам хурлаа хэрхэн зохион байгуулж байгааг л хуулбарлая. Гэтэл манайх МАН-ыг л хуулбарлаад байх юм. Дөрвөн жилд 1000 гаруйхан хүн нэг л хуралдаад асуудал шийднэ гэж байхгүй. Хуралд оролцох хүн бүр мөнгөө төлөөд хуралд оролцдог байх хэрэгтэй. Одоо бол хэдхэн хүн намын Их хурлыг санхүүжүүлэн хуралдуулж байгаа. Мөнгө төлсөн хүн хурлыг удирдаж байгаа гэсэн үг. Дотоод сонгуулийн хорооны гишүүн намд наймаас дээш жил албан тушаал хашиж байсан хүнийг оруулна гэж байна. Яагаад ингэж байгаа юм бэ. Фракцад аль эрт харъяалагдсан хүмүүсээр багаа бүрдүүлэх гээд байгаа юм уу.

Хөвсгөл аймгийн төлөөлөгч Ганбаатар: -Бид одоо очоод дүрмээ шинэчилчихээд ирлээ гэж хэлж чадахгүй нь. Орон нутгаас саналаа боловсруулаад ирэхэд энд оруулахгүй байна. ҮЗХ өмнө нь хуралдаад орон нутгаас ирсэн саналыг хасчихлаа. Дээр нь дүрмээ хэвлэхдээ нэг хэсгийг нь хасчихаж байна. Манай намын оюунлаг хүмүүс хуралдаа идэвхтэй оролцохгүй байна. Нөгөө л бүдүүлэг хүмүүс нь гарч ирээд орилоод байх юм.

Дорнод аймгийн төлөөлөгч Оросоо: Нам ойролцоогоор таван дэд даргатай болох хэрэгтэй. Бүс хариуцсан дарга нар байж болно. Намд байгаа олон чадварлаг хүмүүс сул явж байгаа. Тэр хүмүүсээ сул гишүүнээр нь үлдээмээргүй байна. Тодорхой ажил хариуцуулах нь зөв. Намын дүрмийн төсөл хэдэн хэдэн удаа хэрчигдээд зарим заалт нь алга болчихлоо. Баталсны дараа бас зарим нь алга болчих вий дээ. Үүн дээр ажлын хэсэг хариуцлагатай хандаарай.

Б.Болор: -Намын даргыг сонгох марафоныг хэрхэн зохион байгуулах талаар ажлын хэсэг ажилласан юм. Тухайн ажлын хэсэг дээр яригдаад дэмжигдсэн саналууд хаана гээгдчихэв ээ. Уржигдархан ҮЗХ-ны хуралд оруулаад бас дэмжигдсэн санал алга болчихлоо. Ингэх байсан юм бол яах гэж ажлын хэсэг байгуулж ажиллуулсан юм бэ. Хүний цагийг хий дэмий үрэх байсан юм уу. Орон нутгаас ирсэн төлөөлөгчид үгээ хэл л дээ. Та нарын өгсөн саналыг оруулахгүй байна ш дээ. Намын даргад өрсөлдөхөө мэдэгдсэн хүмүүсийг харж байгаад хамгийн дээд тал нь таван жил ажилласан хүнийг намын даргын марафонд оруулахаар шийдсэн ш дээ. Гэтэл 10 жил болгоод оруулах ирэх юм. Хэн ингэж 10 болгосон юм бэ гээд Ж.Батзанданг асуухаар Болор ингэж оруулж ирсэн гэж хэлсэн байна. Ингэхээ боль л доо, ах нараа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ