Блумберг: 2017 оны хамгийн гутрангуй прогноз

Бондын зах зээлд оролцогчдод голдуу мэдээлэл нийлүүлдэг америкийн “Блумберг” агентлаг “Гутрангуй үзэлтний хөтөч” гаргажээ.Үүнд 2017 оны хамгийн гутрангуй прогнозыг дурдсан байна.
Жишээ нь, Франц улс Европын холбооноос , Калифорни муж улс АНУ-ын бүрэлдэхүүнээс гарч, харин Орос улс Сири, Украинд хяналтаа тогтооно хэмээн таамаглажээ.
АНУ-д төдийгүй, Европын холбоонд олон хүнийг цочирдуулсан Доналд Трампын ялалт болон Breхit-ийг 2016 оны “Гутрангуй үзэлтний хөтөч”-д урьдчилан таамагласан нь сонин юм.
АНУ. Бүгд найрамдах намын Доналд Трамп ерөнхийлөгчийн сонгуульд ялснаас болоод 2017 онд АНУ-д олныг хамарсан эсэргүүцлийн арга хэмжээ үргэлжилнэ хэмээн таамаглаж байна. Үүнээс гадна, Калифорни муж улс АНУ-ын бүрэлдэхүүнээс гарахын төлөө хөдөлгөөн үргэлжлэх ажээ (үүнийг Brexit-ийн маягаар Calexit хэмээн нэрлэжээ). Улмаар америкийн тэрбумтнууд Трампын эсрэг нэгдэж, “сөрөг баячуудын” энэ нэгдлийг Ангараг гарагийг эзэмшихээр мөрөөддөг Илон Маск тэргүүлэхийг үгүйсгэх аргагүй гэнэ.
Европын холбоо. Францын сонгуульд сөрөг “Үндэсний фронт” намын удирдагч Марин Ле Пенэ ялж, тус орон ЕХ-ноос гарна гэдэг нь 2017 оны “Гутрангуй үзэлтний хөтөч”-өөс харагдаж байна.
Үүнээс гадна, цагаачлалд хатуу хяналт тавьж, ЕХ-ноос гарч болохын төлөө тэмцэж буй улстөрчдийг ард түмэн сонгох чиг хандлага нийт Европт бий болох ажээ.
“Шенгений бүсийг хүчингүй болгоно” гэж“Гутрангуй үзэлтний хөтөч”-д таамаглаж байна. Харин Германд “мөнхийн” мэт болсон канцлер Ангела Меркель сонгуульд ялагдах нь. Ингэхдээ сонгуульд ялагдахаасаа өмнө Меркель Европын байдлыг тогтворжуулахыг оролдох ажээ. Прогнозоос үзвэл, ингэхийн тулд канцлер Зүүн Европ болон Ойрхи Дорнодод нөлөөний хүрээг хуваах талаар Оростой тохиролцох гэнэ.
Украин болон Сири дэх ашиг сонирхлоос татгалзах нь Өрнөдийн гол буулт болно. Герман, Оросын харилцаанд “Ялтагийн хоёр дахь бага хурлын адил үйл явдал” болно. “Блумберг” агентлаг “гутрангуй үзэлтний прогнозод” орсон тэр зүйлийг ингэж нэрлэсэн байна.
Үүнээс гадна, Орос улс дэлхийн тавцанд нэр хүндээ сэргээж, Владимир Путин үүнд сэтгэл дүүрэн байх бөгөөд ерөнхийлөгчийн дараачийн хугацаа түүний хувьд сүүлчийнх байх болно гэдгийг зарлах гэнэ. Хориг арга хэмжээг цуцалж, рубль чангарч эхлэх бөгөөд оросын эдийн засаг тогтворжино.
“Гутрангуй үзэлтний хөтөч”-д Хятад, Умард Солонгос, Саудын Араб, Кубийн талаар таамаглал дэвшүүлжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ