Ашгүйдээ “Ардчилсан намынхан”

Ардчилсан намын VI Их хуралдаан бүтэн хоёр өдөр хуралдсаны эцэст Их хурлын гишүүд Ардчилсан намын үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд орсон зарим заалтуудыг баталж чадлаа. Энэ их хурал нь урьд хожид байгаагүй халуун дулаан уур амьсгалтай байсан төдийгүй зарим гишүүдийн хувьд ҮЗХ, ГЗ-өө ч татан буулгах санал дэвшүүлж байлаа. Монголын ардчилсан холбоог төлөөлж индэр дээрээс үг хэлсэн Д.Сосорбарам урьд шөнө би хар дарж зүүдэллээ, урт гар намайг зовоолоо хэмээн хонхны дууны үгийг дахин трэнд болгож амжсан бол залуусаа намын удирдлагад оруулахгүй гэдэг бодол өвөртөлсөн үү 10 жил, 8 жил намын гишүүн байсан байх ёстой гэсэн тэнсэн харгалзах ялыг ч зарим нөхөд санаачилж байв.

Ямар ч байсан Ардчилсан намын шинэ даргыг сунгаагаар буюу бүх гишүүдийн санал хураалтаар тодруулахаар болсонд ашгүй дээ ардчилсан намынхан гэж хэлэх хүмүүс олон гарах бизээ. Ардчилсан намын даргад өрсөлдөх нэр дэвшигчийн бүртгэлийг энэ сарын 10-нд, сурталчилгаагаа эхлүүлэх өдрийг 12 дугаар сарын 19-нд товлосон бол намын даргыг сонгох сонгуульт өдрийг ирэх нэгдүгээр сарын 29-нд товлосон юм. Харин Ардчилсан намын VII Их хурлыг сар шинийн өмнө буюу хоёрдугаар сарын 12-нд хийхээр болжээ.

Уг хурлаар Ардчилсан намын дүрмийн шинэчилсэн төслийг хэлэлцэн батлах юм байна. Тиймээс VII Их хурал болтол Ардчилсан намын дүрмийн шинэ төслөөрнамын төвшинд бүх гишүүдийнхээ саналыг авахаар болжээ.

Мөн энэ удаагийн хуралдаанаас эрх баригч намд шаардлага хүргүүлэхээр болсон байна. Ер нь их хурлын гишүүдийнхээ хүрээнд л саналыг нь авч шийдэж ирсэнулс төрийн аль ч намд авууштай сайн жишгийг АН-ыхан санаачилж чадлаа. Ардчилсан намын хувьд хамгийн сүүлд 2014 онд Үндэсний зөвлөлдөх хорооны 228 гишүүнээсээ саналыг нь аван З.Энхболдыг намын даргаараа сонгосон байдаг.

Энэ удаагийн Их хурлаар баталсан тов, мөн Ардчилсан намын үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтөд заасны дагуу их л том сонгууль болох нь ээ. Өөрөөр хэлбэл, 200 мянга орчим гишүүнээсээ хамгийн олон санал авсан нэр дэвшигч нь Ардчилсан намын шинэ дарга болно гэсэн үг юм.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ