Хилээр адуу гаргахыг завдсан иргэдэд хариуцлага тооцно

Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтоор адууг олноор тээвэрлэн, хил гаргахаар удаан хугацаанд өл хоолгүй байлгаснаас үүдэн 50 тооны адуу хорогдсон талаарх мэдээлэлолон нийтийн сүлжээнд цацагдаж байсан. Энэ дагуу Шадар сайд У.Хүрэлсүхийн зүгээс ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү нарт адууг амьдаар нь экспортлох явдлыг таслан зогсоох үүрэг өгөөд байгаа юм.
Одоогоор Сүхбаатар аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан шуурхай ажлын хэсэг уг хууль бус үйл ажиллагааг таслан зогсоохоор ажиллаж эхэлжээ. Ажлын хэсэгт аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Эрдэнэцагаан сумын Засаг дарга, Цагдаагийн хэсгийн төлөөлөгч болон Хилийн цэргийн 0146-р ангийн төлөөллүүд багтсан байна.
Ажлын хэсэг тээвэрлэгдсэн болон тууварлагдсан адуунд эрүүл мэндийн үзлэг хийж өвчтэй буюу шинж тэмдэг илэрсэн, бэртэл гэмтэл авсан адууг ялгаж, мал эмнэлэг, үржлийн ажил үйлчилгээний стандартын дагуу арга хэмжээ авч байгаа аж. Мөн Бичигт боомтод төвлөрсөн адууг буцаан тээвэрлэх, эрүүл ахуйн шаардлага хангасан нөхцөлд нядалгаанд оруулах ажлыг зохион байгуулж, холбогдох иргэдэд хариуцлага тооцож эхэлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ