“Авлига ба хүний эрх” бага хурал боллоо

НҮБ-аас тунхагласан Авлигын эсрэг олон улсын өдөр нь жил бүрийн 12 дугаар сарын 9-нд тохиодог. Энэхүү өдрийг Монгол Улс албан ёсоор 10 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ өдрийн хүрээнд АТГ-ын санаачилгаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороо, Гадаад харилцааны яам хамтран “Авлига ба хүний эрх” сэдэвт бага хурлыг зохион байгууллаа.

Хуралд АТГ-ын дарга Х.Энхжаргал, Хүний эрхийн дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Ерөнхийлөгчийн амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх О.Чулуунбилэг, Хууль зүйн сайд С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Л.Оюун-Эрдэнэ болон АТГ, прокурор, Улсын дээд шүүх, ХЭҮК-ийн албан хаагчид оролцсон юм. Энэ жилийн хувьд Авлигатай тэмцэх газраас авлигын үйлдэл нь хүний эрхийг хэрхэн зөрчиж байгаад дүгнэлт хийж, уг асуудалд иргэд, олон нийтийн анхаарлыг хандуулахаар зорьж байгаа аж.

Бага хуралд “Хүний эрхийг хангах эрх зүйн зохицуулалт”, “Хүний эрх ба авлигатай тэмцэх бусад улсын туршлага”, “Авлига, албан тушаалын гэмт явдлаас хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад шүүхийн гүйцэтгэх үүрэг, анхаарах зарим асуудал”, “Хүний эрх ба авлига”, “Шударга ёсыг тогтоох, хүний эрхийг хамгаалахад прокурорын үүрэг оролцоо ”зэрэг сэдвээр Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам, Авлигатай тэмцэх газар, “Эмнести интернэшнл” төрийн бус байгууллагын төлөөлөл илтгэл тавьж, хэлэлцүүлж байна. АТГ-аас авлигатай тэмцэх үйл хэрэгт иргэд, олон нийтийн оролцоо, дэмжлэг, хяналтыг бий болгоход анхаарч байна. Иймд авлигын эсрэг олон улсын өдрийг угтан гааль, татвар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, эрүүл мэндийн байгууллагууд төлөвлөгөөт хяналт шалгалт хийж, авлигатай тэмцэхэд иргэд, олон нийтийн хяналт харилцааг хангах, АТГ-ын Үндэсний хөтөлбөрийг сурталчлах зорилгоор орон нутагт ажилласан юм. Мөн иргэний нийгэм, эрдэмтэн судлаачид, оюутан сурагчид буюу олон нийтийг хамруулан илтгэлийн уралдаан, парламентийн мэтгэлцээний тэмцээнийг зохион байгуулсан байна. Б.Анир

СЭТГЭГДЭЛ БИЧИХ