Г.Уянгын гаргаж тавьсан асуудал юу байв?
Төрийн эрх мэдлийг өөр хоорондоо шилжүүлсэн хоёр том нам нэг нэгийнхээ бодлого, үйл ажиллагааг харлуулахад хамаг анхаарлаа хандуулсаар хагас жилийг үдлээ. Угаас нэг нь эрх баригч, нөгөө нь сөрөг хүчин учраас МАН ба АН-ын энэхүү харилцан шүүмжлэл нь тэдний хувьд бараг “үндсэн бөгөөд үүрэгт ажил” нь.
Харин парламентын гадна үлдсэн улс төрийн жижиг нам, зарим “том” улстөрчдийн хувьд сонгуулийн бус хугацаанд өөрсдийгөө үргэлж сануулах хэрэгцээ шаардлагатай тулгарчээ. Бодлого тодорхойлох эрх мэдэлгүй, шийдвэрт нөлөөлөх мандатгүй хоцорсон тэдний хувьд ард түмний итгэлийг хүлээж чадаагүйнх нь илрэл боловч үүнийгээ хүлээн зөвшөөрч чаддаггүй ээ. Хүлээн зөвшөөрлөө ч улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулж, өөрсдийн пиарыг хийх хэрэгцээ шаардлагаа гүйцэлдүүлэхээр идэвхийлж байна. Зөвхөн өнөөдөр ч биш үргэлж тийм хэрэгцээ шаардлагатай тулгарч явдаг улс төрийн нам, улстөрчид аль ч цаг үед байсаар ирсэн. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн асан Г.Уянга.
"Парламентын гадна үлдсэн улс төрийн жижиг нам, зарим “том” улстөрчдийн хувьд сонгуулийн бус хугацаанд өөрсдийгөө үргэлж сануулах хэрэгцээ шаардлагатай тулгарчээ."
Түүний тэргүүлж буй ТТЭНН хэмээх нам чухам ямар үзэл баримтлал, ямар бодлоготой нь тодорхойгүй ч лавтайяа эрх баригчдад бодлого заах хэмжээний улс төрийн хүчин биш. Намын даргын хувьд ч Г.Уянга тийм хэмжээнд бэлтгэгдэн боловсорч чадсан улстөрч биш. Ийм нөхцөлд түүний улс төрийн амбици нь “Ерөнхийлөгчтэй үзэлцэх” байдлаар илэрч байгаа нь гайхахаар зүйл биш юм. Өмнөх парламентын гишүүн байхдаа ч Ерөнхийлөгчтэй үзэлцээд байх сонирхолтой нь илэрхий байсан. Яагаад гэвэл ардаа намгүй, өөртөө суудалгүй улстөрчдийн пиар нь хэн нэг “баатар”-тай үзэлцэх нь, болж өгвөл тэр нь “том” байх тусмаа олон нийтэд тод харагддаг.Яг энэ тактикаар ажиллаж байгаа улстөрчдийн жишээ Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, ТТЭНН-ын дарга Г.Уянга нар юм. Н.Алтанхуяг бас ч парламентад цөөнхийн эрх мэдэлтэй намынхаа Их хурал дээр илтгэл тавьж Ерөнхийлөгч рүү галлаж байгаа бол Г.Уянга хэвлэлийн хурал хийж камерын өмнө ярьж байгаагаараа л ранкийн ялгаатай байх.
УИХ-ын гишүүн асан Г.Уянга Ерөнхийлөгчийг огцруулах 12 үндэслэл гаргаснаа саяхан хэвлэлийн бага хурал хийн танилцуулсан. Үүнээсээ үр дүн хүлээгээд үнэхээр Ерөнхийлөгчийг огцруулна гэсэн итгэл үнэмшил түүнд байхгүй ч нэг хэсэгтээ олны анхаарал татах акц болно гэж тооцоолсон болов уу.
Гэтэл харин үндэслэл гээд байгаа зүйлүүд нь Ерөнхийлөгчийг хорин хэдэн жил улс төрд явсан гэхэд бараг л “энхийн цагаан тагтаа” гэж харагдуулчихлаа. Улсынхаа Ерөнхийлөгчийг АСЕМ хийлээ гээд шагнадагаас биш огцруулдаг жишиг байх уу.
Өнгөрсөн хавар сонгуулийн өмнө Ерөнхийлөгчийн тодорхой шийдвэрийг тодруулбал, гадны хөрөнгө оруулалттай компанийн татвар нуун дарагдуулсан хэрэгт хөндлөнгөөс оролцож, ялтныг өршөөсөн шийдвэрийг нь Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзэж байгаагаа тэрбээр мэдээлж байсан. Өнөөдөр ч үүнийгээ дахин сануулж байна. Үнэндээ Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд гадны иргэнд өршөөл үзүүлсэн ч татвар нуусан хэргийг өршөөгөөгүй бөгөөд улсад учирсан хохирлыг нь нөхөн төлүүлэх шийдвэрийг холбогдох байгууллага нь хэрэгжүүлээд явж байгаа.
"УИХ-ын гишүүн асан Г.Уянга Ерөнхийлөгчийг огцруулах 12 үндэслэл гаргаснаа саяхан хэвлэлийн бага хурал хийн танилцуулсан. Үүнээсээ үр дүн хүлээгээд үнэхээр Ерөнхийлөгчийг огцруулна гэсэн итгэл үнэмшил түүнд байхгүй ч нэг хэсэгтээ олны анхаарал татах акц болно гэж тооцоолсон болов уу."
Ерөнхийлөгч Монгол Улсын гадаад харилцааны бодлогыг төлөөлөх, улс төрийн нам хүчнүүдийн хооронд зөвшилцлийн гүүр болох, Монголын ард түмний эв нэгдлийг бэлгэ тэмдэг байх хуулиар хүлээсэн үүрэг хариуцлагатай этгээд гэдгийг Г.Уянга ч, олон нийт ч сайн мэдэж байгаа. Улс төрийн тогтворгүй байдал, эдийн засгийн хямрал гээд олон жил үргэлжилж буй гадаад, дотоод таагүй нөхцөл байдал дунд аль аль талын эрх ашгийг бодолцсон байр суурь баримтлах шаардлага ганц Ц.Элбэгдоржид ч бус өмнөх Ерөнхийлөгч нарт ч тулгарсаар ирсэн юм.
Г.Уянгын гаргаж тавьсан Ерөнхийлөгчийг огцруулах үндэслэлүүдийг сайн анзаарвал гагц Ерөнхийлөгч рүү ч галласан юм биш, өнөөдрийн хувьд хамгийн халуун асуудал болох “Эрдэнэт”-ийн 49 хувь, эх оронч-улстөрчдийн сэдэв байсаар ирсэн “Рио Тинто”, Оюутолгойн гэрээ, гадны компанийн зөвлөх үйлчилгээ, байр орон сууц, хандив мөнгө, цаашлаад төрийн өмч, давхар дээл, томилгоо, эхнэр хүүхэд... гээд эрээвэр хураавраар дүүрэн байх аж. Улстөрчдийг, эрх мэдэлтнүүдийг буруутгаж болдог бүх л сэдэв, сэдлийг чихэж багтаасан жинхэнэ коктейль гэмээр ч юм уу. Ийм үндэслэлээр бол толгой дээрх “Ц.Элбэгдорж” гэдэг нэрийг нь л солиод биччихэд өөр бусад нэлээдгүй олон улстөрчийг оролдож болох байх.
Улс төрийн гортигны гадна үлдсэн улс төрийн нам, улстөрчдийн хувьд олны анхаарлыг татах, идэвхтэй ажиллаж байгаагаа харуулахын тулд өнөөдөртөө гол бай нь Ерөнхийлөгч гэж харагдаж байгаа учраас нь энэ удаад Ц.Элбэгдоржид хаягласан болов уу. Энэ дашрамд Г.Уянгад зөвлөхөд дээрх үндэслэлээр бол юуны өмнө экс эрх баригч Ардчилсан намыг, эргүүлээд хэдэн жилийн дараа өнөөгийн эрх баригч МАН-ыг ч буруутгаж болохоор харагдаж байна. Дараа байгаа соливол
СЭТГЭГДЭЛ БИЧИХ