С.Зориг агсны хэргийн шүүх хурлын тов гарлаа

Ардчиллын алтан хараацайнуудын нэг С.Зориг агсны хэргийн шүүх хурлын тов гарлаа. Тодруулбал, уг хэргийн шүүх хурал Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд ирэх лхагва гарагтбуюу энэ сарын 14-нд товлогджээ. Гэхдээ хэрэг "маш нууц"-ын зэрэглэлд байгаа учраас хэрэгт ямар хүмүүс яллагдагчаар татагдаж шүүгдэх нь одоо болтол тодорхойгүй байна.

С.Зориг агсны эхнэр Б.Булганыг цагдан хорьж байсан ч суллагдсан. Харин хэрэгт сэжигтнээр Орхон аймгийн иргэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарын гурван хүнийг цагдан хорьж ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж буй. Эдгээр иргэн шүүх хуралд оролцох эсэх нь, яллагдагчаар татагдсан эсэх нь тодорхойгүй хэвээр байгаа юм.

Хэргийг өнгөрсөн 11 дүгээр сарын 24-нд шүүхэд шилжүүлж, Ерөнхий шүүгч М.Алдарт хуваарилсан байдаг.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Алдарын С.Зориг агсны хэрэгтэй танилцах хуулийн хугацаа өнөөдөр дуусч байна. Тэрээр хэргийг хүлээн авсанаас хойш хуулийн дагуу 15 хоногийн дотор танилцаж дуусах ёстой.Танилцаж дуусаагүй бол 15-45 хоногоор сунгах эрхтэй юм. Харин М.Алдар шүүгчийн хэрэгтэй танилцах хугацаа өнгөрсөн 11 дүгээр сарын 28-нд дууссан ч тэрээр хэрэгтэй танилцах хугацаагаа 15 хоногоор сунгасан. Уг хугацаа ийнхүү өнөөдөр дуусч байна.

Б.Чимэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ