О.Энх-Эрдэнийн оргилд хүрэх гараа нээгдлээ
Монгол улсыг дэлхийд таниулж, авьяастнуудаа дэмжих зорилготой “Авьяаслаг Монголчууд” шоу 2 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэ жилийн тухайд бусдаас өвөрмөц, сонин содон авьяастай олон хүмүүс оролцсоноос өвөрмөц дуулалт, ур чадвар, авьяасаараа тодорсон О.Энх-Эрдэнэ шинэ амьдралын гараагаа тавьлаа. Түүний хамгийн хүчтэй өрсөлдөгч мэдээж Шижирбат байв. Тиймээс ч хамгийн ширүүн өрсөлдөөн тэдний дунд илүү өрнөсөн нь лавтай. Ингээд эцсийн дүн гарч О.Энх-Эрдэнэ хамгийн олон үзэгчийн саналаар Үндэсний ялагчаар тодорч 100 сая төгрөгийн эзэн болов. Үндэсний гэх боловч үнэндээ хэдийнэ гадаад тив улсад танил болоод амжсан түүний амжилт дэлхий дахинаа түгэхэд тун чиг ойр харагдана.
Б.Шижирбатын бичлэг мөн л цахим хуудсаар түгэж, олон сая хандалт авч, гадаадын DJ хамтран ажиллах санал тавьсныг санах хэрэгтэй.
О.Энх-Эрдэнэ ч шоунд оролцох хугацаандаа гадаадад шуугиан тарьж амжсан. Тухайлбал, Америкийн Техас мужийн KJ97 болон 93.7 The Bull гэх коунтри хөгжмийн радионууд О.Энх-Эрдэний дуулсан “Amarillo by Morning” хэмээх “George Strait”-ийн дууг ковер хийж дуулсан бичлэгийг өөрсдийн фэйсбүүк хуудас болон вебсайт дээрээ сонсогч нартайгаа хуваалцжээ. Сонсогчдын дунд нэг ч сөрөг коммент байгаагүйг хэвлэлүүд онцолж байлаа. Тэгэхээр дэлхийн хэмжээнд түүнийг хүлээж авахад бэлэн гэж ойлгож болох нь ээ.
О.Энх-Эрдэнийн өрсөлдөгчид тун ч ширүүхэн байсныг бид мэднэ. Үүнийг шигшээд үлдсэн оролцогчдоос харахад тодорхой. Үзэгчид ч цахим орчинд тэдний нэгэн адил өрсөлдөж байв. Гэхдээ оролцогчдын хувьд дэмжигчдээсээ илүү соёлтой, хүндэтгэлтэй байдлаар өрсөлдөж байсныг онцолмоор байна. Шүүгчдийн хувьд ч шүүлт маш өндөр хариуцлагатай, хүндхэн байсныг энд дурдах нь зүйтэй.
“Авьяас нь байвал ардын хүүхэд ч наадаж болдог юм байна” гэсэн түүнийг дэмжигчдийн сэтгэгдэл “Авьяаслаг монголчууд” шоуг үнэн шударга шүүлттэй явагддаг гэдгийг нотлох бас нэг тодотгол болж байгаа юм. Түүнчлэн шоуг зохион байгуулагчид болох Монгол Эйч Ди телевизийн хамт олны нөр их хөдөлмөрийг магтан сайшаах олны сэтгэгдэл ч хөвөрч байна. Тэмцээний талаар оролцогид, шүүгчид, үзэгчид алхам бүртээ эерэг үгсийг хэлж байснаас дүгнэхэд бид олон улсын жишигт нийцэхүйц шоуг зохион байгуулж чаддаг болжээ гэдэг нь харагдаж байлаа.
Ийнхүү О.Энх-Эрдэнэ 100 саятай болж тэмцээнд түрүүллээ, Шижирбат 100 сая боломжтой болж дэлхийд гарахаар зэхлээ. Эн тэнцүүхэн өрсөлдөж чадсан бусад оролцогчдын хувьд ч шүүгч Рокет Бэйгийн хэлдэгчлэн олон улсад нэрээ гаргах боломж нь нээгдсэн биз ээ.
М.Эгшиглэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ