Далай ламд виз олгосон ажилтныг халсан эсэх нь "нууц"

Гадаад харилцааны яамнаас сүүлийн үеийн айлчлал, томилолттой холбоотойгоор өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээлэлд ГХЯ-ны Америк, Ойрхи дорнод, Африкын газрын дарга Д.Гансүх, Консулын газрын дэд захирал Л.Мөнхтүшиг, Төрийн захиргааны удирдлагын газрын захирал Н.Анхбаяр, Хөрш орнуудын газрын дэд захирал Г.Байгалмаа нарын албаны хүмүүс оролцлоо.

Мэдээллийн эхэнд ГХЯ, Америкийн нэгдсэн улсын төрийн департамент хоорондын XI зөвлөлдөх уулзалтын үр дүнгийн талаар онцоллоо. Зөвлөлдөх уулзалтын үр дүнд хэд хэдэн тодорхой үр дүн гарсан. Тухайлбал, АНУ-ын тал уул уурхайгаас гадна хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүчний салбарт Монгол Улстай хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийлжээ. Мөн хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны зөвлөлдөх уулзалтыг ирэх оны дөрөвдүгээр сард хийхээр бэлтгэл ажлыг эхлүүлсэн байна.

Түүнчлэн тус улсад хоёрдмол харьяаллын асуудлаар ташаа мэдээлэл явж байгаад залруулга хийж мэдээлэл өглөө. Гадаадад 144 мянга гаруй монгол иргэн амьдарч байна. Гадаад улсад Монгол Улсын иргэн төрсөн тохиолдолд хөрсний зарчмаар тухайн улсын иргэншлийг олгодог. Энэ нь монгол иргэн гадны орны иргэншил авах нөхцөл үүсч байна гэсэн үг. Тиймээс Харьяатын тухай хуулиар эдгээр иргэд Монгол Улсын иргэн болох боломжгүй болж байгаа юм. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар ГХЯ, ХЗДХЯ-тай хамтран ажлын хэсэг байгуулж, анхаарал тавихаар болсон. 1998 оноос хойш 5000 орчим хүүхэд хилийн чанадад төрж, төрсний гэрчилгээ авсан байна. Эдгээрээс 2800 нь хөрсний зарчмаар шууд иргэншил олгодог улсад буюу АНУ, Канад, Их Британид төржээ. Тэгэхээр зөвхөн энэ тохиолдлыг ярьж байгаа гэдгийг ойлгох ёстой юм байна.

Мэдээллийн үеэр Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламын айлчлалын талаар дурьдлаа. Өнгөрсөн сард манай улсад айлчилсан Далай ламын айлчлалаас үүдэж Хятадын талаас эсэргүүцлээ илэрхийлсэн. Улмаар манай талаас хийх хэд хэдэн айлчлал, гэрээ хэлэлцээрийг цуцлаад буй. Үүнтэй холбоотойгоор Далай ламд виз олгосон ажилтныг ажлаас нь халсан талаарх мэдээлэл цацагдсан билээ. Тэгвэл энэ талаар тодруулахад, төрийн нууцын зохих зэрэглэлтэй холбоотой учраас мэдээлэл өгөх боломжгүй гэсэн тайлбар өгсөн юм.

Мөн Энэтхэг улсаас авахаар яриа хэлэлцээр хийгдэж буй 1 тэрбум ам.долларын зээлийн асуудал ч хөндөгдөх болсон. Тэгвэл уг асуудлаар ГХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын захирал Н.Анхбаяраас тодруулахад "Манай хилийн чанадад байгаа дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд тэр дундаа Элчид сайн, Ерөнхий консул, консулууд төвөөсөө зөвшөөрөл авч байж суугаа орныхоо хэвлэл мэдээллийн байгууллагад ярилцлага өгдөг. Нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн шугамтай холбоотой мэдээллээр хэвлэлд өгсөн ярилцлагыг тодруулах үүрэг даалгаврыг Элчин сайдад нь өгчихсөн байгаа. Удахгүй хариу ирнэ. 2015 онд Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модигийн айлчлалын үеэр 1 тэрбум ам.долларын зээлийн шугам нээснийг мэдэгдсэн. Энэ дагуу манай Гадаад Харилцааны Сайдын 2016 оны дөрөвдүгээр сард хийсэн айлчлалаар гарын үсэг зурсан. Олон улсын гэрээ учраас олон улсын гэрээний дагуу хоёр тал хэрэгжүүлээд явах ажил байгаа юм" гэлээ.

Хилийн чанадад хорих ял эдэлж байгаа иргэдийн хувьд нийтдээ 169 монгол иргэн 15 улсад ял эдэлж байгаа аж. Харин энэ онд хилийн чанадад 294 иргэн гэмт хэрэгт холбогдон саатуулагджээ. Тиймээс дээрх тоо нэмэгдэх боломжтой гэдгийг албаныхан хэлж байлаа. Швейцари, Австри, Канад, Их Британи, Япон зэрэг улсын хуулиар тухайн иргэн саатуулагдсан тохиолдолд өөрөө зөвшөөрөөгүй бол Элчин сайдын яаманд мэдэгддэггүй юм байна.

Д.Билгүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ