О.Энх-Эрдэнэ 100 сая төгрөг, Б.Шижирбат АНУ руу аялж, үзэсгэлэн үзэх эрх гардлаа

“Авьяаслаг Монголчууд” шоуны ялагчаар тодорсон О.Энх-Эрдэнэд 100 сая төгрөгийн шагналыг нь гардуулан өгчээ. Энэ талаар Монгол HD телевизийг үүсгэн байгуулагч, “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбат твиттер хуудастаа “Авьяаслаг Монголчууд нэвтрүүлгийн ялагч О.Энх-Эрдэнэдээ баяр хүргэж шагналын 100 сая төгрөгийг гардууллаа. Үзүүлсэн амжилтаа бататган олон сайхан уран бүтээл туурвиж Монголчууд биднийхээ сонорыг он удаан жил мялааж яваарай. Даруу тайван зангаа үл гээн олон түмнийхээ хайр хүндэтгэлийг даадаг нэрт урлагийн зүтгэлтэн болохыг хүсэн ерөөе” хэмээжээ.

О.Энх-Эрдэнийн хувьд Монголын орчин үеийн хөгжмийн урлаг төдийгүй дэлхийн урлагт хөл тавих боломж бий гэдэг нь өнгөрсөн хугацаанд үзүүлсэн үзүүлбэрүүдээр нь нотлогдсон билээ. “Түүний хоолой бол алт” гэдгийг шүүгч Чука дахин дахин онцолсон юм. Шүүгч Рокит Бэй О.Энх-Эрдэнэд “Заавал дэлхийд нэрээ гаргасан дуучин болоорой” хэмээн хэлсэн билээ.

Тус шоуг зохион байгуулагчдын зүгээс авьяаслаг залуу Б.Шижирбатын гаргасан амжилтыг үнэлж, АНУ руу аялж, дэлхийн тэргүүлэх технологийн үзэсгэлэн үзэх эрхээр шагнасан байна.

График анимешн, бүжиг хоёрыг хослуулснаараа онцлог басхүү өвөрмөц түүний хоёр дахь үзүүлбэрийг дэлхийн 100 гаруй сая хүн үзжээ. Түүгээр ч үл барам дэлхийн алдарт “Mashable” сайт түүний тухай онцолсон. Мөн Нидерландын Бокстелоос гаралтай, 23 настай Голландын DJ, хөгжмийн продюсер Sammy Renders (Sam Feldt) өөрийн албан ёсны цахим хуудсаараа дамжуулан Б.Шижирбатад хамтран ажиллах санал тавьсан билээ.

Г.Эгшиглэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ