Туркт оросын элчин сайдын амь насыг бүрэлгэжээ

Анкара хотод сууж байсан оросын элчин сайдын амь насыг 1994 онд төрсөн цагдаагийн ажилтан Мевлют Мерт Алтынташ гэгч хөнөөжээ. Туркийн ДХЯ-ны тэргүүн Сулейман Сойлу ингэж мэдээлсэн байна. Элчин сайдыг 12 дугаар сарын 19-нд гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийн үеэр буудан хороожээ.
Интерфакс агентлагийн тодруулснаар, ОХУ-ын элчин сайдын амь насыг бүрэлгэсэн алуурчин цагдаагийн сургууль төгссөн бөгөөд Анкара хотод цагдаагийн байгууллагад хоёр жил алба хаасан байна. Хэвлэлд мэдээлж байгаагаар, Туркийн прокурорын байгууллага алуурчны гэр болон төрөл төрөгсдийнх нь гэрт нэгжлэг хийжээ. Сүүлчийн мэдээгээр, эрх баригчид алуурчны эх болон эгчийг саатуулсан байна.
Турк дэх ОХУ-ын элчин сайд Андрей Карловын амь насыг бүрэлгэснийг Орос улс треррорын ажиллагаа гэж үзэж байгааг ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Мария Захарова мэдээлжээ.
“Орос орон туркүүдийн нүдээр” гэсэн гэрэл зургийн үзэсгэлэн нээгдсэн орчин үеийн урлагийн музейн танхимд энэхүү террорын ажиллагааг үйлдсэн байна. Гэмт этгээд хамгаалалтын албаны ажилтны дүрээр тийш нэвтрэн орж, бууджээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ