АН-ын даргыг парламентын гишүүдээс сонгох нь...

Манай улсад өрнөж байгаа томоохон бөгөөд тэр хэмжээгээрээ олны анхааралд болж байгаа үйл явдал бол АН-ын даргын сонгууль. Тус намынхны хэлсэнчлэн энэ бол ганц намын асуудал бус Монгол Улсын ардчилал, улс төртэй шууд холбоотой асуудал тул үүнийг хөндөж байгаа юм. Юу гэвэл, олны дунд намын даргад парламентын гишүүдээс сонгох нь зүйтэй гэсэн байр суурь нэлээд ажиглагдаж байна.
Парламентын засаглалын хамгийн сонгодог, үлгэр жишээ загвар Их британид байдаг. Өөрөөр хэлбэл дэлхийн бүх парламентын засаглалтай улс Британи загвараас үлгэр авсан гэж болно. Тиймдээ ч аливаа жишээ татахдаа улс төрчид Англи, Саксоныг ихэвчлэн дурьддаг. Ер нь дэлхийн хөгжсөн орны томоохон намууд парламентын гишүүн бус хүнээр намын даргаа сонгож байсан удаагүй гэдгийг хэлэх байна. Жишээлбэл, Английн Консерватив намын дарга Дэвид Камерон 2001 онд парламентын гишүүн болох хүртлээ тус намын дарга Майкл Ховардын удирдлага дор бэлтгэгдэж, хожим 2005 онд түүний орыг залгасан байдаг. Энэ бол парламентын засаглал хөгжсөн орны жишиг.
Тэгэхээр АН-ын даргад УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Ж.Батзандан, Д.Эрдэнэбат гурваас аль нэгийг нь сонгох нь зүйтэй хэмээн тус намын гишүүдээс ч бас үзэж байгаа юм байна. Хэрэв жишээ нь парламентын гишүүн бус хүнээс сонголоо гэхэд ордны үнэмлэх авахаас эхлээд УИХ дахь АН-ын бүлгийн гишүүддээ зангараг үзүүлэх хүртэл мөн ч их бэрхшээл гарна даа. Нэг тойрогт очоод дэмжлэг авч УИХ-ын гишүүн болж сонгогдож чадахгүй байгаа хүмүүс монгол төрийн тулгуур болсон хоёр баганын нэг болсон бүхэл бүтэн намаа яаж удирдаж чадах билээ гэсэн яриа чих дэлсэх боллоо. УИХ-ын гишүүн биш бол хэдий том намын дарга байлаа ч төрд нөлөөлөх хүчин мөхөсдөнө гэх олны үг ортой байж болох юм.
Амнаас ам дамжин яригдаж байгаа энгийн энэ тайлбарыг үгүйсгэх аргагүй. Угаас олон түмнээсээ дэмжлэг авсан төрийн түшээ хүн илүү нөлөө бүхий байр суурьтай байх нь ойлгомжтой. Дээр хэлсэнчлэн парламентын засаглал хөгжсөн орны жишгээс эсрэг алхлаа гэхэд олон бэрхшээл тулгарахгүй гэх баталгаа үгүй. Тэд сайнтай, саадтай аль аль талыг нь хэдийнэ үзээд өнгөрүүлсэн байж таарна. Олны жишгээс ухарвал аз сорисон хэрэг болох биз ээ. Бэлээхэн туршлагууд байхад бэлэн хоол идэж болохгүй нь юу байх вэ.
Д.Билгүүн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ