ЭМД-ын шимтгэл, торгуулийг хэн төлөх вэ

ЭМД-ын 46080 төгрөгийг он гарахаас өмнө төлөхгүй бол он гарсны дараа энэ жилийнхтэй нэмж төлөхөөр болж байна, бүр торгуулийн нэмэгдэлтэй. Энэ сарын 21-нд хуралдсан Засгийн газрын хуралдаанаар ирэх онд төлөх ЭМД-ын шимтгэлийн хувь хэмжээг ингэж тогтоогоод байгаа юм. Ханиад томуу 12, 1 дүгээр сард хамгийн өндөр дэгдэлттэй байдаг. Сүүлийн жилүүдэд агаарын бохирдлоос болж эмнэлэг бараадах иргэдийн тоо, ялангуяа хүүхдийн тоо эрс нэмэгдэж байгааг мэргэжлийнхэн өдөр бүр сануулж байна. Өвчлөлийн тухай дурьдаад ч яахав. Ямартай ч хүүхдийн асуудлаар нийслэлээс нааштай шийдвэрүүд гаргаж байна. Харин томчуудаа гаргуунд нь хаяж байгаагаас өөрцгүй юм болж байна. Учир нь 2016 онд ЭМД-ын шимтгэлээ төлөөгүй иргэд дараа онд шинэчилсэн хуулийн дагуу үндсэн шимтгэлээс гадна төлөх ёстой шимтгэлийг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгууль төлөх юм байна. Бэлтэй хэсэг нь хувийн эмнэлэг бараадна, үгүй юмаа гэхэд хэдэн цаас эмч нарт атгуулах байдлаар эрүүл мэнддээ санаа тавьчихна. Харин ингэх чадамжгүй нь эмээр аргалаад өнгөрөөхийг илүүд үзнэ. Тэгэхээр төсөвт төвлөрөх ёстой шимтгэлийн хураамжийг хэн төлөх юм бол? Ингэж нэмэгдүүлэх нь хэр ашигтай, зөв шийдвэр вэ?
Тодруулъя, 2016 оны нэгдүгээр сарын 01-нээс эхлэн ажил хөдөлмөр эрхлээгүй болон хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд ЭМД-ын шимтгэл болох нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 2 хувиар буюу жилд 46080 төгрөг, оюутан болон мэргэжлийн сургуульд суралцагч жилд 23040 төгрөг төлүүлэхээр заасан. Тэгвэл Хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн гурван талт үндэсний хорооны хуралдаанаар ирэх оны нэгдүгээр сарын 01-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 хувиар нэмж 240 мянган төгрөг болгож нэмэгдүүлэхээр нэгдсэн байр суурьт хүрсэн байдаг. Тэгэхээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 2 хувь гэдэг нь ирэх оноос сард 4800 төгрөг, жилд 57600 төгрөг болох юм. Ингээд хуучин болон шинэ оны шимтгэл нийт 103680 төгрөг болох нь. Үндсэн шимтгэл дээр нэмэгдэх торгуулийг өнгөрсөн оныхоор тооцвол 92160, ирэх оныхоор тооцвол 115200 төгрөг нэмж төлнө гэсэн үг. Энэ мөнгөөр хэчнээн айл хэдий хугацааныхаа амин зуулгыг хийж, өдөр хоногоо өнгөрүүлж байгаа бол гээд судалж үзвэл сэтгэл эмзэглэм тоо гарах байх. Тэр тооны өрхийн гишүүдийн эрүүл мэндийн асуудал орхигдоно. Үүнийг дагаад төсөвт ч төвлөрсөн юмгүй үлдэх вий.
Энэ онд ЭМД-ын шимтгэлээ бүтнээр нь төлөх шаардлага тавьсан нь дийлэнх хүмүүсийн хувьд эрүүл мэндээ гаргуунд нь орхих "замыг заасан". Ийм байдлаар өнгөрсөн онд ямар нэгэн эмнэлгийн үйлчилгээ аваагүй иргэдээр 46080 төгрөгийг заавал төлүүлж өрхийн эдийн засагт дарамт нэмэх байдал нь төрөөс төсвөө нөхөх, гаргаж байгаа аливаа нэмэлт үйлчилгээнийхээ зардлыг ард түмнээсээ буцаан татах гэж байгаа нэг арга гэсэн хардлагыг төрүүлэх боллоо. Хардах эрх хэнд ч бий. Ийм үед эмийн зөв хэрэглээний асуудлыг дурьдах ч хэрэггүй биз. Хямралыг ард олондоо үүрүүлж даван туулах ээлжит давалгаа үүгээр дайрч байх шиг. Гэвч энэ нь амжилттай хэрэгжих эсэх нь эргэлзээтэй.
Мэдээллийн хэрэгслээр 138240 төгрөг гэсэн тооцоолол явж байна. Энэ бол энэ жилийн шимтгэл болох 46080 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлсэн дүн. Гэтэл ирэх оноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэнэ гэдгийг сануулъя.
Эдийн засаг элгээрээ хэвтсэн гэж амтай болгон дуугарч байгаа энэ үед ЭМД-ын шимтгэлийн төлбөр ийнхүү эрс нэмэгдэж байгаа нь хэр оновчтой шийдвэр вэ гэдгийг эртхэн эргэж харах хэрэгтэй.
Ийнхүү хураамжаа нэмээд байдаг, хэвтэн эмчлүүлэхэд болон амбулаториор үйлчлүүлэх тариф нэмэгдээгүй байгааг эх сурвалж хэлж байна. Иргэд 8060 төгрөг төлж байх үед эмнэлгээс авдаг байсан үйлчилгээний үнэ нэмэгдээгүй байхад 46080 төгрөг төлж байна. Дахин нэмэхээр шийвэрлэж байна. Үүнийг юу гэж ойлгох ёстой вэ?
Наад зах нь эрүүл мэндий салбар дахь авлигын асуудал эрчимтэй яригдаж эхлэх вий гээд энэ сэдвээр олон асуудлыг хамруулан хөндөж болно. Гэхдээ энэ удаад шимтгэлийн нэмэгдэл өрхөд хамгийн их дарамт авчирна гэдгийг товч хөндлөө. Эерэг талаас нь харъя гэвэл эмнэлэгт хүүхдийн тасгаас бусад нь ачаалалгүй болох талтай.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ