Нэрт зохиолч Д.Гармаа таалал төгсжээ

Монгол Улсын Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч Доржийн Гармаа 2016 оны 12 дугаар сарын 21-нд ертөнцийн мөнх бусыг үзүүлж монголын боловсрол соёл, утга зохиолын ертөнцөд хүнд гарз тохиолоо.
Зохиолч Д.Гармаа 1937 оны 09 дүгээр сарын 27-нд Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Шохой цагаан булаг хэмээх газар төржээ.
Тэрбээр бага, дунд сургууль, санхүү эдийн засгийн техникум, 1966 онд Москвад М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургууль, 1978-1980 онд ЗХУКН-ын Төв Хорооны дэргэдэх нийгмийн ухааны академийг тус тус төгссөн байна.
Д.Гармаа 1958-1961 онд Баянхонгор, Төв аймгийн санхүүгийн хэлтэст ерөнхий ня-бо, 1961 онд "Тоншуул" сэтгүүлийн утга зохиолын ажилтан, 1966-1973 онд МЗЭ-ийн хороонд "Цог" сэтгүүлийн хариуцлагатай нарийн бичгийн дарга, хүүрнэл зохиолын зөвлөлийн эрхлэгч, 1973-1978 онд Монголын радио, телевизид редактор, 1980-1983 онд МАХН-ын Төв Хороонд зааварлагч, 1983-1990 онд Монголын Зохиолчдын Эвлэлд орлогч дарга, 1990-1997 онд мэргэжлийн зохиолчоор тус тус ажиллаж байв.
Д.Гармаа уран бүтээлээ 1955 оноос эхэлж 1959 онд "Морьтой ч болоосой", 1961 онд "Хөхөө гэрлэх дөхлөө" уран сайхны кино зохиол бичиж дэлгэцнээ гаргасан нь үзэгчдийн талархал хүлээж байв.
Тэрбээр монголын хүүхдийн зохиолын нэрт төлөөлөгчийн нэгэн байлаа. "Уулын нууц" "Мөнгөн хөнөг", "Хөгжөөнтэй туужууд", "Хөөрхий дээ, Болдоо минь" зэрэг олон бүтээл нь хүүхдийн уран зохиолыг хөгжүүлэхэд том хувь нэмэр оруулсан юм.
Д.Гармаа "Гал манахын нууц", "Дайны сүүдэр", "Хуучин хэрэм", "Халуун амьсгал", "Өвөөгийн намар", "Тасын суудал", "Цагаан булаг", "Газар тэнгэр", "Тайгын цэнхэр манан", "Харуул Алтай", "Бурхан багшаа худалдсан нь", "Үхэл өөрөө ирдэггүй", "Нарны будан", "Зааны ясан өргөө", "Эцгийн голомт" зэрэг тууж, роман, өгүүллэг, жүжиг, кино зохиолдоо эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдал, хөгжил дэвшил, амьдралын эрээн барааныг тод томруун харуулсан юм.
Түүний зохиол бүтээлүүд Орос, Хятад, Украин, Киргиз, Казак, Молдав зэрэг арав гаруй гадаад орнуудад хэвлэгдсэн байдаг.
Д.Гармаагийн хөдөлмөр зүтгэлийг Төр засгаас үнэлж 1971 онд "Дайны сүүдэр" номонд МҮЭ-ийн шагнал, 1969 онд "Хөгжөөнтэй тууж" номонд МЗЭ-ийн шагнал, 1982 онд "Газар тэнгэр" романд Д.Нацагдоржийн шагнал, 1988 онд "Хөнжөөнтэй тууж" номонд Төрийн соёрхол, 2006 онд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээжээ.
Нэрт зохиолч Д.Гармаагийн ажилч хүчээнгүй чанар, хүнлэг энэрэнгүй ариун сэтгэл, эрдэмд гэгээрсэн эгэл төрх тань монголын боловсрол, соёл, утга зохиолын хүрээлэл, зохиолч уншигч бидний сэтгэл, зүрхэнд үүрд дурсагдах болно.
Ум сайн амгалан болтугай
СЭТГЭГДЭЛ БИЧИХ