Шантарч болохгүй, шантарч байсан удаагүй

Зэвсэгт хүчинд “Рапорт Дашдондог” гэж алдраа мөнхөлсөн аавынхаа хүслийг биелүүлж, цэргийн удмыг нь залгамжлан үргэлжлүүлж яваа хошууч Д.Наранжаргалыг “Залуус” булангийнхаа зочноор урилаа.

Аавын тань тухай дотно сайхан дурсамжаар ярилцлагаа эхлэх үү?

-Миний аавыг Д.Дашдондог гэдэг. Олноо “Рапорт Дашдондог” гэж алдаршсан аав минь миний бахархал. Зэвсэгт хүчний 032 дугаар ангид хүндэт харуулын 13 дахь даргаар ажиллаж байсан. 11 хүүхэдтэй айлын отгон охин учраас аав надад өөрийн мэргэжлээ өвлүүлэх тухай бодож байгаагүй гэдэг. Хөвгүүдээ цэргийн хүн болгох сонирхолтой байсан болов ч ах нар сонирхолоо дагаад өөр өөр мэргэжил эзэмшчихсэн.Тиймээс аавын минь горьдлого бараг тасраад байсан. Тэр үед би жүжигчин Дэми Мурийн тоглосон нэг кино үзсэн юм. Маш их бэрхшээл, дарамт дундаас гарч, өөрийн хүссэн амьдралаа цогцлоож чаддаг тухай. Яг л тэр киноны гол дүрийн жүжигчин шиг сонирхолтой амьдрал цэргийн амьдралд юм шиг санагдсан учир аавдаа цэргийн сургуульд орно гээд хэлчихсэн.

Аав нь их л баярласан байх даа…

-Миний охин нээрээ орох юм уу?гээд л байсан. Тэгээд аав нь хэзээ шалгалт болох нь вэ мэдээд өгье гээд элсэлтийн шалгалтад бэлдүүлж байлаа. Цэргийн сургуульд орсны дараа аавынхаа туулж өнгөрүүлсэн амьдралыг илүү ойлгож ухаарсан даа.

“Рапорт Дашдондог”-ийн охин гэж цоллуулах бас л их бахархал.Үүнийг дагаад хариуцлага өндөр байх нь ойлгомжтой…

-Тэгэлгүй яахав. Миний аав 10 хүүхэдтэй айлын отгон нь. 1964 онд цэргийн алба хаагаад Драмын театрт ажиллаж байхдаа нэг арга хэмжээнд “90 баатрын дууль” найраглал уншиж байхыг харсан Ж.Ёндон генерал “Чи театрт биш хүндэт харуулд байх хүн байна” гээд цэргийн анги руу авчирсан гэдэг. Тэгээд шалгалт өгч тэнцээд хүндэт харуулын дарга болж байсан түүхтэй. Тэр цагаас хойш аавын минь үйл хэрэг олноо хүндлэгдэж “Рапорт” гэх эрхэм алдар хүндийг хүртсэн байдаг. Тиймээс ийм сайхан аавын нэрийг авч явна гэдэг миний хувьд ахадсан ачаа гэж бодох үе ч бий.

Яагаад …

-Аавынхаа үйл хэргийг залгамжилж яваа хэдий ч би аав шигээ болж чадахгүй, хэдий мундаг команд өгдөг байгаад би хүндэт харуулын захирагч, дарга болж чадахгүй. Эмэгтэй хүн учраас зарим зүйл хязаартай шүү дээ. Тийм болохоор ажил, амьдралаа хүний дайтай авч явж, ажил үйлс өөдрөг яваагаа аавдаа харуулахыг хичээдэг. Одоо ч гэсэн миний аав тэнгэрээс охиноо үргэлж харж явдаг гэж боддог.

Сонсогч байх үеэсээ дурсаач?

-1999 онд БХИС-д элссэн. Ямар мэргэжил сонгохоо мэдэхгүй аавынхаа зөвлөгөөгөөр холбооны ангид орж байлаа.Амьдралын хамгийн дурсамжтай, гэгээлэг, хөгжилтэй торгон мөчүүдийг сонсогч үедээ өнгөрөөсөн. Манай анги 21 сонсогчтой. Бид карантинд хээр гардаг байсан. Тэнд л олон сайн цэргийн дарга нарын заавар зөвлөгөөгөөр цэрэг болсон гэж боддог юм.Одоо үетэй харьцуулахад бид үг даах, цэргийн алба гэж юу болох гээд л бүх зүйлд бэлтгэгдсэн. Цементэн дээр цэцэг ургуулахад бэлэн шижигнэсэн сонсогчид цэргийн амьдралд улам дурлаж шимтэн суралцаж байлаа.

Шантрах үе байсан болов уу?

-Ёстой шантраагүй.Улам дурлаж хорхойсож байсан. Их шартай охин байсан болохоор тэр байх. Хэрэв хүн “Чи чадах юм уу” гээд хэлчихвэл энэ чадаад байхад би яагаад гээд л дотроо боддог. Аав маань намайг анх карантинд явуулчихаад 3 хоногийн дараа эргэж очсон юм. Миний охин 3 хоног л тэснэ гэж бодсон гэсэн. Эргэлтээр ирчихээд “За явах уу охин минь” гэхэд нь “Үгүй ээ” гэж хэлсэн. Хариултыг минь сонсоод охиноороо маш их бахархаж байсан талаар хэзээ хойно хэлж билээ. Тэр үед дотроо намайг битгий дагаж яваасай, өөрийг нь залгамжлах цэргийн хүн болчихоосой гэж хичнээн их хүсч байсан бол доо гэж боддог юм. Аавынхаа хүслийг биелүүлж яваадаа хамгаас их баярладаг. Тийм ч учраас шантарч болохгүй, шантарч байсан удаагүй.

Аавынхаа нандин эрдэнэ байж дээ?

-Аав минь намайг амьдралд нь бэлэг болж ирсэн гэж ярьдаг байсан.Хүний амьдралд эрээн бараантай байдаг. Яг л тийм үед нь мэндлэхэд аав маань “Миний зүрхэнд нар мандлаа” гэж хүлээж авсан гэдэг. Тэгээд наранд хэзээ ч зовлон байдаггүй, үргэлж жаргалтай байдаг гэж төсөөлөн бэлгэшээж Наранжаргал гэдэг нэрийг өгсөн юм билээ.Хийсэн үйлдэл бүрийг минь өөрийнхөө бахархал болгож хүлээж авдаг байсан. Цэргийн дүрэмт хувцастайгаа очиход хүртэл баяртай үйл явдал мэтээр хүлээж авдаг байсан сайхан аавын охин доо би.

Аавыгаа баярлуулж байсан үе олон биз?

-Миний охин парад хувцсаа өмс гэж их гуйна. Тэр үед би эрээн хувцас амар шүү дээ ааваа гэж цааргалаад л… Одоо их харамсдаг юм. Миний охинд парад хувцас гоё зохидог, зээр шиг охинтой хүн дээ гээд л үргэлж магтдаг байж билээ. Бусдаар аавынхаа захисан ёсоор хийсэн ажилдаа эзэн нь болж сайн ханьтай учирч сайхан амьдарч яваагаа харуулж баярлуулсан гэж боддог.

Цэргийн хүргэн аавд таалагдах нь зайлшгүй биз?

-Тэгэлгүй яахав.Миний ханийг Д.Мөнхбаатар гэдэг. ЗХЖШ-ын Хүний нөөцийн хэлтэст мэргэжилтэн, хошууч цолтой. Бид хоёр “онжавууд”, анх цэргийн карантинд танилцаж байсан юм. Аав манай хүнд надаас илүү сайн. Манай гэр био комбинатад, нөхрийнх маань 5 шард байдаг байлаа. Тэр үед хоёулаа автобусны мөнгөөрөө мөхөөлдөс авч идчихээд л 5 шар руу алхчихдаг байсан.

Аав тань дэлгэцийн бүтээлд дүрээ багагүй мөнхөлсөнийг мэдэх юм байна…

-Мундаг цэргийн даргаас гадна урлагт элэгтэй, авьяастай хүн байсан. “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны Алтан улсын жанжны дүрд тоглож, “Мандухай цэцэн хатан”, “Алтан шонхор”, “Улаанбаатарт байгаа миний аав” зэрэг кинонд дүрээ мөнхөлсөн.

Дэг журам суларч байна гэж та хэлсэн?

-Цэргийн алба бол цэргийн алба байх ёстой.Бид чөлөөт нийгэмд амьдарч байгаа эрх чөлөөтэй байж болно. Гэхдээ цэргийн алба гэдэг бол тодорхой дүрэм журамтай, зарим эрхээ хязгаарлуулчихсан байдаг. Дарга үүрэг өгөхөд мэдлээ, гүйцэтгэе гэдэг байх хэрэгтэй. Заримдаа ахмад үеэ орхисон хандлага ажиглагддаг. Ахмад дунд үеийнхэн ажил өгөхөд түүнийг ял гэж хүлээж авдаггүй, ажлыг даах чадвартай, ягштал биелүүлдэг. Гэтэл залуучууд сурч боловсрохдоо анхаарах нь зөв ч гэсэн ажиллагаа, элдэв янзын курс хаана байна тийшээ хүсэл сонирхол нь давамгайлж өөрт оногдсон ажлыг орхигдуулдаг юм шиг санагддаг. Мөн даалгасан ажлыг өөрийгөө харуулах боломж гэж хүлээж авдаггүй нь харамсалтай. Гэхдээ бүгд биш л дээ.

“Хэн сайн раборт өгөх вэ” тэмцээний тухай?

-Амьдралынхаа бүхий л үйл хэргийг Зэвсэгт хүчинд зориулсан аавынхаа нэрэмжит “Хэн сайн раборт өгөх вэ?” тэмцээнийг Зэвсэгт хүчний 032 дугаар ангитай хамтран зохион байгуулж байна. Анхны тэмцээнийг нь 2015 онд зохион байгуулсан. Ерөнхий цэргийн мэргэжил эзэмшээгүй ч командлах, рапорт өгөх хүсэлтэй 032 дугаар ангид алба хаах сонирхолтой хүнийг гаргаж ирэх, олонд таниулах, ирээдүйтэй салааны захирагч нарыг сонгоход нэмэр болох зорилготой юм. Анх 1 сая төгрөгний шагналын сантай зохион байгуулагдсан тус тэмцээнийг шагналын санг нэмэгдүүлж уламжлал болгон зохион байгуулна. Энэ бол эхлэл, цаашид аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлэн олон ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа.

Тухайлбал…?

-“Рапорт Д.Дашдандог сан” байгуулж, Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид руу чиглэсэн үйл ажиллагаа явуулах. Аавынхаа хийж бүтээе гэж хүсч зорьсон бүхий л зүйлийг нь гүйцэлдүүлэхийг эрхэмлэж байна даа.

Хилийн чанадад номын дуу багагүй сонсож байсан байх аа?

-2011 онд Энэтхэг улсад холбооны офицерын дамжаа, 2012 онд Малайзад НҮБ-ын сургагч багшийн дамжаа, 2015-2016 онд БНХАУ-д холбоо, компьютер сүлжээний инженерээр суралцсан.

Хятадад багагүй амжилттай суралцсан талаар сонссон…

-Аливаа зүйлд сэтгэлээрээ ханддаг. Тийм ч учраас алтан дундаж биш тэргүүний эгнээнд байхыг эрхэмлэдэг. Хятадад сурч байхад Монголоос суралцаж байгаа оюутнуудаа ахлахаас гадна 17 орны 34 сонсогчтой олон улсын оюутнуудын ахлах курсын даргын үүргийг хүлээж байсан. Тэнд байх хугацаандаа монголчууд ямар ч ачааллыг дааж өөрт оногдсон үүргийг хэрхэн өндөр түвшинд биелүүлдэг болохыг харуулж чадсан болов уу гэж боддог юм. Мөн сургуулиа улаан дипломтой төгсөхийн зэрэгцээ 3 шагналын эзэн болсон. Нэг нь шилдэг удирдагч, сургуулийн шилдэг оюутан. Би тэнд хамгийн ахмад бас удирдагчдаас ганцаараа эмэгтэй нь байсан. Энэ бүх амжилтын цаана Монгол Улсын Зэвсэгт хүчний нэр хүнд байдаг учир хичээж суралцсан.

Хүний газар сурсан мэдсэн зүйлээ хөрсөнд буулгахаар төлөвлөсөн нь мэдээж…

-Тэгэлгүй яахав. Хятад улсын сургалтын систем үнэхээр мундаг. Ганц хятад ч гэлтгүй энд тэнд явж байхдаа монголдоо хэрэгжүүлэх санаа, ажил хэргийн талаар бодож, төлөвлөж явдаг юм. Хамгийн түрүүнд цэргийн алба хаагчдын хувцас эд хэрэглэлийн жигдрэлтийн асуудал. Манайхан ажиллагаанд явах цэргийн алба хаагчийн бүхий л хувцас хэрэглэлийг жигдэлдэг. Харин сургалт, дамжаанд явж байгаа хүмүүсээ тэр бүр анхаардаггүй. Дамжаанд 17 хүн явлаа гэхэд худалч хүнд бүгд л өөр өнгийн хувцас, хэрэглэлтэй байх жишээтэй. Хилийн чанадад ч гэлтгүй цэргийн хүн хаашаа ч томилогдсон зөвхөн ангийн эмблемээ л сольдог байж яагаад болдоггүй юм. Жил жилд авсан хувцасны өнгө өөр, аранз өөр гээд манайд дутагдалтай асуудал их. Энэ талаар холбогдох албаны хүмүүс анхаараасай гэж хүсдэг.

Мөн курс дамжаанд суралцуулах цэргийн алба хаагчийн шалгуур үзүүлэлтийг ч сайн анхаарах нь зүйтэй гэж боддог.

Зэвсэгт хүчний цэргийн алба хаагч болсноороо бахархах үе багагүй биз?

-Тэгэлгүй яахав. Зэвсэгт хүчиндээ өртэй юм шиг санаж явдаг. Хамгийн наад зах нь гэхэд цөөнгүй улсад сургалт семинарт хамрагдах боломжийг олгосон. Өөрийн халааснаас мөнгө гаргалгүй суралцах боломж олдоно гэдэг маш том давуу тал юм. Тийм учраас энэ өрөө ажил үйлсээрээ л хариулж явахыг алхам тутамдаа хичээж, зорьж ажилладаг.

Гэрийн эзэгтэй байх цэргийн хүн байх хоёрыг хэрхэн зохицуулдаг вэ?

-Би муу эзэгтэй биш гэж боддог. Миний 2 охин харьцангуй эрт бие даасан. Зарчимч байх, ажил үүргийг чин сэтгэлээсээ гүйцэтгэх зан чанаруудыг минь өвлөсөнд нь маш их баярладаг. Тиймээс охиддоо итгэдэг, тэд маань миний эзгүйд ар гэрээ аавтайгаа хамт мундаг сайн авч явдаг. Би ямар ч үед ар гэрийг хоёрдугаарт тавьж ажил үүргээ нэгдүгээрт тавьдаг. Дутагдал ч байж магадгүй. Гэхдээ зөв бодолтой өөдрөг явдаг учир ажил амьдралдаа сэтгэл хангалуун байдаг даа.

Анх амьдрал зохиох үед хэрхэн төлөвлөж байсан бол, төлөвлөснөөрөө амьдарч байгаа болов уу?

-Би төлөвлөж гаргасан графикийн дагуу амьдардаг. Анх сургуулиа төгсөөд хамтдаа наран ургах зүгээс амьдралынхаа гарааг эхэлнэ гэж төлөвлөсөн, тэр дагуу анхны томилолтоо Дорнод аймгаас эхэлж байлаа. Оюутан байхдаа гэр бүлтэй болж 3 дугаар курсынхээ амралтаар анхны охиноо төрүүлсэн.Энэ мэтчилэн төлөвлөсөн зүйлсийн ихэнх нь биелээд л байгаа. Шинэ он гаргаад штабын офицерын үүрэг гүйцэтгэхээр БНӨСУ-ыг зорино. Энэ бол бас л төлөвлөгөө. Бүх л зүйлээ төлөвлөөд түүндээ хүрэхийн тулд цаг тутам зорьж тэмүүлдэг.

Ирээдүйн 5 жилийн төлөвлөгөөг чинь сонирхвол?

-Хамгийн эхэнд үүргээ амжилттай гүйцэтгээд ирнэ. Үүний дараа хэд хэдэн төлөвлөгөө бий. Ангидаа нэг том зүйл хийж өгнө.Одоохондоо нууц. Хувийн амьдралын хувьд хүүтэй болохыг л хүсч байна даа.

Удахгүй шинэ он гарлаа сэтгэлд хоногшсон шинэ жилийн баяраа хуваалцахгүй юу?

-2014 он маш онцгой он болж өнгөрсөн. Би ангийнхаа “Тэргүүний офицер”, хань минь бас 089 дүгээр ангийн “Тэргүүний офицер”, том охин сургуулийнхаа “Тэргүүний сурагч”, бага охин сургуулийн “Цэвэр бичгийн аварга” болж гэр бүлээрээ бахдам амжилттайгаар нэгэн оныг үдэж нэгэн оныг угтаж байсан.

Гэр бүлийн үнэ цэнэ юунд оршдог юм бол?

-Итгэлцэлд. Хэн хэндээ итгэх итгэл үгүй бол гэр бүл гэдэг утга учиргүй. Мөн хүүхэд гэдэг гэр бүлд аз жаргал, утга учир, гэрэл гэгээ нэмж байдаг хамгийн эрхэм үнэт өв.

Охидоос нь цэргийн хүн болно гэвэл яаж хүлээж авах вэ?

-Том охин маань цэргийн хүн болно л гэдэг юм. Би эсэргүүцдэг. Яагаад гэвэл охиноо хайрлахаас илүү энэ цаг үеийг бодохоор хүлээн зөшөөрөхгүй. Намайг сонсогч байх үе хатуу дэг журамтай байсан. Одоо үед энэ бүгд бага зэрэг суларч байгаа болохоор тэр. Ямар нэг мэргэжлийг эзэмшсэн бол зүгээр нэг урсгалаараа явна гэдэг утгагүй гэж хувьдаа боддог. Эрэгтэй ака, эмэгтэй ака гэж байдаггүй гэдэг шиг хүн өөрт оногдсон үүрэг даалгаврыг хүйс харгалзалгүй ягштал, тултал биелүүлдэг байх хэрэгтэй.Өөрөөр хэлбэл цаг үе нь биш гэж боддог.

Давах л ёстой даваа гэж хүлээж авдаг чадвар юунд оршдог юм бол?

-Зовлон зүдгүүрийг тойрчих юмсан гэж боддоггүй. Тэр ч үүднээс ямар нэг зовлонг туулах ёстой бол туулах л хэрэгтэй гэж давж гаргахыг хичээдэг. Ямар нэг зүйлээс айж дөтлөж алгассан тохиолдолд хойч үед нь муугаар нөлөөлөх байх. Хэдий өндөр хана хэрэм байсан ч өөрөө л давна гэж боддог.

Хамгийн сайн сурсан зүйл гэвэл…

-Би цагийг ягштал баримталдаг, хүнийг маш сайн сонсож чаддаг. Тэгээд аливааг чин сэтгэлээсээ хийж, үүрэг даалгаврыг өөрийгөө харуулах боломж гэж хүлээж авдаг.Хүн амьдралдаа мэдлэгтэй байхаас илүү мэдрэмжтэй байх хэрэгтэй.

Яг одоо “баярлалаа” гэдэг үгийг хэлэхийг хүссэн хэн нэгэн байна уу?

-Миний хэлэх дуртай үгсийн нэг бол “баярлалаа”. Сайн дарга нараас сурсан зүйл их, тиймээс зааж сургаж явсан багш, дарга нартаа болон хоёр дахь гэр болсон Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн хамт олондоо тэр бүр талархалаа илэрхийлээд байж чаддаггүй. Үргэлж дэмжиж, итгэл хүлээлгэдэгт баярлалаа.

Уншигчдад хандаж юу хэлэх вэ?

-Чадалтай, чадвартай залуус залхууд дийлдээд байна уу гэж боддог. Би өөрөө залхуу занд дургүй. Тиймээс тухайн хүнд зорьсон зорилго байгаа бол түүндээ хүрэх хүсэл эрмэлзэлдээ тууштай байх хэрэгтэй. Амьдралын чихэрлэг гоё амтыг мэдрэхийг хүсвэл гашууныг нь ч бас давж гарах хангалттай тэсвэртэй байх хэрэгтэй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ