С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүх хурал даваа гарагт үргэлжилнэ

С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүх хурал өчигдөр ажлын цаг дуусч, амралтын өдрүүд таарч байгаа тул ирэх даваа гараг хүртэл завсарлалаа.
Шүүх хурал өнгөрсөн гурван өдрийн турш ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид үргэлжилсэн. Өнгөрсөн гурван өдрийн хуралдаанаар шүүгдэгч, гэрчүүд мэдүүлгээ өгсөн. Улсын яллагч, өмгөөлөгчдийн асуусан асуултад хариулт өгсөн байна. Мөн нотлох баримтуудыг шинжилсэн байдаг. Хуралд гэрчээр Н.Давааням, Г.Чулуунбат нар оролцож буй. Н.Даваанямын хувьд Б.Содномдаржаагийн өмгөөлөгчийн хүсэлтээр Орхон аймгаас гэрчээр оролцохоор ирсэн. Тэрбээр Б.Содномдаржааг цэрэгт татагдах үед ангийн дарга нь байсан гэх мэдээлэл байна. Харин Г.Чулуунбат бол С.Зоригийн бие төлөөлөгч байсан хүн гэж байгаа юм.
Эрүүгийн байцаан шийтгэх хуульд 22.00 цагаас хойш шүүн таслах ажиллагааг явуулах боломжгүй гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, эрүүгийн хэргийн шүүн таслах ажиллагааг өдрийн цагаар явуулах ёстой. Энэ дагуу С.Зоригийг хөнөөсөн хэргийг шүүж буй Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Алдараар ахлуулсан шүүх бүрэлдэхүүн өчигдөр ажлын цаг дууссанаар хурлыг завсарлуулаа. Хуулийн дагуу ажлын өдөр буюу ирэх Даваа гаригт 10.00 цагаас шүүх хурал эхэлнэ.
М.Хатанаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ