Wi-Fi-гийн харшилтай эмэгтэй гэрээсээ гардаггүй гэнэ

Британийн Ким Де Атта гэдэг эмэгтэй ховор өвчинд шаналж яваа нэгэн юм. Тэр утасгүй Интернэт, үүрэн телефон холбооны харшилтай гэнэ. Эмэгтэйг 3G-гийн үйлчлэлийн бүсэд ороход, түүний толгой тэсэхийн аргагүй өвдөж эхэлдэг байна. Тийнхүү Де Атта гэрээсээ гарахгүй байхыг боддог бөгөөд гэрийг нь тусгай тороор бүрсэн байна гэж “Метро” сайтад бичжээ.

Цахилгаан соронзон долгионы харшилтай сувилагч байсан эмэгтэй тусгай торон сүлжээс бүхий малгай өмсөж, гэрээсээ гарахад хүрдэг байна. Энэ өвчнөөсөө болоод тэр оршин суудаг газраа хоёр ч удаа солиход хүрч, үүрэн утасны холбоо барьдаггүй бөглүү газарт нүүж очжээ.

“Олон хүн намайг солиорч гэж боддог. Надад ямар хэцүү байдгийг тэд төсөөлж чадахгүй” гэж Де Атта хэлсэн байна. “Би ойр дотнын хүмүүстэйгээ уулзалгүй удаж байгаа. Энэ жил зочид хоёр ч удаа ирсэн, хагас өдөр болоод буцсан. Энэ нь намайг бүр тамлаж орхидог гээч” хэмээн британи эмэгтэй үнэнээ ярьжээ.

Ким 16 настайгаасаа цахилгаан соронзон долгионы харшилд шаналж байгаа гэнэ. Тэрээр Лондон хотод амьдарч байсан бөгөөд телевизор үзээд сууж байхад бие нь байнга эвгүйрхдэг байж.

Энэ британи эмэгтэй ийм асуудалтай тулгардаг цорын ганц хүн биш. Wi-Fi-гийн долгионыг тэсвэрлэж чаддаггүй байсан америк сурагч охин 2015 онд амиа хорлосныг үүнээс өмнө мэдээлж байсан юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ