Трамп Оросын эсрэг хоригийг цуцлаж магадгүй

Төрийн нарийн бичгийн дарга асан Генри Киссинжер АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трампад зориулан Оростой харилцаагаа хэвийн болгох төлөвлөгөө боловсруулж байгаа ажээ. Германы “Bild” гэдэг шар сонинд ингэж бичсэн байна.

Хятад улс хүчирхэгжиж байгаа нөхцөлд Оростой эвлэрэх нь зөв алхам юм гэж ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй нэг бус удаа уулзаж байсан 93 настай дипломатч үзэж байгааг тус сонинд дурджээ. АНУ, Оросын хоорондын тэнцвэрт байдал нь дэлхийн тогтвортой байдлыг бэхжүүлэхэд тус дөхөм үзүүлэх болно гэж тэр үзэж байна.

“Bild” сонин шинэ ерөнхийлөгчийн багийнхнаас олж авсан мэдээллийг үндэслэн өрнөдийн тусгай албадын хийсэн дүн шинжилгээг иш татахдаа, Киссинжерийн зөвлөснөөр Трамп Оросын эсрэг хоригийг цуцлах бодолтой байна хэмээн бичжээ.

Мөн Украины улс төр, эдийн засгийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах бодолтой байгаа бөгөөд үүний дагуу Орос улс Украины зүүн нутгийн аюулгүй байдлыг баталгаатай хангах ёстой ажээ. Ингэсний хариуд Өрнөдийнхөн Крымыг харъяалалдаа авсан Оросын эрхийг албан бусаар хүлээн зөвшөөрч, ингэхдээ энэ хойгийг Украины хэсэг хэмээн цаашид албан ёсоор үзэх ёстой болж байна.

Саяхан Киссинжер Путинийг “үндэсний эрх ашгаа тууштай хамгаалагч” гэж тодорхойлсон юм. Тэрээр төрийн тэргүүнээр сонгогдсон Доналд Трампын тухай ярихдаа, түүнд “тун сайн ерөнхийлөгч” болж түүхэнд үлдэх боломж бий гэж тэмдэглэжээ.

Генри Киссинжер (Хайнц Альфред Киссингер) бол америкийн төрийн зүтгэлтэн, олон улсын харилцааны салбарын шинжээч юм. 1969-1973 онд АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх, 1973-1977 онд төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ. АНУ, ЗСБНХУ-ын харилцааны түгшүүртэй байдлыг зөөлрүүлэх бодлогыг санаачилсан юм. 1973 онд Нобелийн энх тайвны шагнал хүртжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Өчигдөр 09 цаг 52 мин

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Өчигдөр 09 цаг 52 мин