Ноцтой болон зонхилон гарсан хэргийн талаар мэдээлэл хийлээ

Цагдаагийн байгууллагаас нийслэлд үйлдэгдэж буй ноцтой болон зонхилон гарсан гэмт хэрэг, шинэ жилийн баярын өдрүүдэд ажиллах эргүүл, хяналтын үйл ажиллагааны талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ү.Хосбаяр, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Үйл ажиллагааны хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Л.Амармөрөн нар мэдээлэл сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.

ХҮНИЙ АМЬ НАС ХОХИРСОН ХЭРГИЙГ ИЛРҮҮЛЭН ШАЛГАЖ БАЙНА

Баянзүрх дүүргийн VII хорооны нутаг дэвсгэрт 2016 оны долоодугаар сард долоон сартай жирэмсэн иргэн М нь бусдад боолгуулж нас барсан хэргийг Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй 1982 онд төрсөн, эрэгтэй М гэгч үйлдсэнийг Улаанбаатар хотын цагдаагийн газрын Онц, хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн алба хаагчид 2016 оны 12 дугаар сард нөхөн илрүүлэн шалгаж байна.

Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Акума” төвийн урд талын жалганд 2016 оны 12 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө 60 настай эмэгтэй И нь эд зүйлээ дээрэмдүүлэн, зодуулж нас барсан хэргийг Баянхонгор аймгийн харьяат, эрхэлсэн тодорхой ажилгүй, 1991 онд төрсөн, эрэгтэй Т гэгч үйлдсэнийг Улаанбаатар хотын Цагдаагийн газрын онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн алба хаагч нар илрүүлэн шалгаж байна.

2016.12.24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хороо Нарангийн голын эцсийн буудлын орчимд 27 настай, эрэгтэй Г-г хувийн машинтайгаа таксины үйлчилгээнд явах үед нь үл таних 160-170 см орчим өндөртэй, 20-25 нас орчим эрэгтэй хүн үйлчлүүлж явах үедээ араас боож “Iphone-4” маркын гар утас, 30 мянган төгрөг дээрэмдсэн хэргийг Б гэгч үйлдсэнийг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид илрүүлэн, шалгаж эхэлсэн.

Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт шөнийн цагаар ганцаараа явж байгаа иргэдийг араас нь боож унаган, бүлэглэн зодож айлган сүрдүүлж, хүч хэрэглэн эд зүйлийг нь дээрэмддэг Г, Н, А, Т, Э нарын 18-25 насны бүлэг этгээдүүдийг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид 2016.12.25-нд илрүүлэн баривчиллаа. Дээрх этгээдүүд нь Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт дээрмийн 21 гэмт хэргийг үйлдсэн нь урьдчилсан байдлаар тогтоогджээ.

НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД 1459 УРАМШИЛТ ЭРГҮҮЛ АЖИЛЛАЖ БАЙНА

Улаанбаатар хотын хэмжээнд үйлдэгдэж байгаа гэмт хэргүүдээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор НИТХ-ын тэргүүлэгчдийн 2016.08.31-ний өдрийн тогтоолоор батлагдсан “Хэв журмын урамшилт эргүүл” ажиллах журмын дагуу нийслэл хотын хэмжээнд 1459 иргэн өдөрт 4-6 цагийн хугацаатай эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна. Тэд 3936 иргэнд яриа таниулга хийж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч этгээд болон архидан согтуурах, хуулиар зөвшөөрөгдөөгүй цэгт тамхи худалдан борлуулж буй иргэдийн талаар 720 мэдээ, мэдээлэл цагдаагийн байгууллагад өгч, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 2438 санамж, сэрэмжлүүлэг тараан, 1068 байгууллага, аж ахуйн нэгж, 1626 айл өрхөд зөвлөгөө өгч, нэг гэмт хэргийг илрүүлэн ажиллажээ.

“Хэв журмын урамшилт эргүүл”-ээр ажиллаж байгаа иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас холбогдох шалгалтыг явуулж 920 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ тооцсон байна. Урамшилт эргүүлийн ханцуйн тэмдэг, хөдөлмөр хамгааллын хантааз, урамшуулалд нийслэлийн ГХУСАЗЗ-өөс 183.865.250 төгрөг зарцуулжээ.

Мөн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Аюулгүй хот” төслийн хүрээнд нийслэл хотын гудамж талбайд ашиглагдаж байгаа 1483 хяналтын камерын үйл ажиллагаатай танилцаж Улаанбаатар хотын төв гудамж болон иргэдийн хөл хөдөлгөөн ихтэй цэгүүдийн эвдэрч гэмтсэн 64 камерын засвар, үйлчилгээнд шаардагдах 75.436.600 төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэж засварын ажлыг эхлүүлээд байна.

ХЯНАЛТЫН КАМЕРААР 42 ГЭМТ ХЭРЭГ, 163 ЗӨРЧИЛ ИЛРҮҮЛЖЭЭ

Улаанбаатар хотын хэмжээнд 2016 онд хяналтын камераар 42 гэмт хэрэг, 163 зөрчлийг илрүүлэн ажиллалаа.

Улаанбаатар хотын Цагдаагийн газраас гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах ажилд техник технологийн дэвшлийг ашиглах, үйл ажиллагаагаа дэлхийн жишигт ойртуулж иргэдэд түргэн шуурхай үйлчлэх зорилгоор Цагдаагийн байгууллагын мэдээллийн санд хөдөлгөөнт төхөөрөмж дээрээс хандаж тээврийн хэрэгсэл болон түүнтэй холбоотой даатгал, оношилгоо, жолоочийн мэдээлэл, мөн цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлалт, ял шийтгэлийн мэдээлэлтэй танилцах, хайлт, лавлагаа хийх, дуудлага, мэдээллийг алба хаагчдад шууд дамжуулах, бэлэн бус хэлбэрээр торгууль оногдуулах, эргүүлийн чиглэлийн байршлыг төлөвлөх боломжтой програм хангамж бүхий иж бүрдэл төхөөрөмжийг нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 152 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар худалдан авч хөдөлгөөнт эргүүлийн 67 автомашинд суурьлуулан ашиглаж эхлээд байна гэж Улаанбаатар хотын Цагдаагийн газраас мэдээллээ.

“ШИНЭ ЖИЛ” АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЛЭЭ

Нийслэлийн хэмжээнд 2016.12.05-26-ны өдрүүдэд нийт 27464 дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэнээс гэмт хэргийн шинжтэй 965 тохиолдол бүргэгдсэн байна. Үүнээс орон байр, халаас, автомашины эд ангийн хулгайлах гэмт хэрэг 48 хувийг эзэлж байна.

Гудамж талбайд 118, баар караокед 10, авто зогсоолд 102, халаасны хулгайн 42, согтуугаар үйлдэгдсэн 39, дээрэм 37, 23 булаалтын гэмт хэрэг бүртгэгджээ. “Шинэ жил” арга хэмжээний хүрээнд Улаанбаатар цагдаагийн хүрээний 19 байгууллагын 1081 алба хаагч үүрэг гүйцэтгэж ажиллаж, 82 гэмт хэрэг, 4677 зөрчлийг илрүүлж, 6970 иргэн, 78 албан тушаалтан, 67 аж ахуйн нэгж байгууллагад 49.654.400 төгрөгийн торгууль ногдуулсан байна.

Архидан согтуурч гэртээ агсам тавьж, бусдын амгалан тайван байдал алдагдуулсан 1194 иргэнийг саатуулан, 121 иргэнийг шүүхийн шийтгэврээр баривчлуулж, зохих зөвшөөрөлгүй галт зэвсэг найм, архи 81, пиво 80 литр, тамхи 529 хайрцгийг түр хураан авч, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр 3074 аж ахуйн нэгж байгууллагад 3074 мэдэгдэл хүргүүлэн ажиллажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Өчигдөр 09 цаг 52 мин

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Өчигдөр 09 цаг 52 мин