18 жил асуулттай байсан хэргийг эцэслэлээ

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурал 18 жилийн дараа таван өдөр үргэлжилсний эцэст шийдвэрээ гаргаж, ялын тогтоол уншлаа. Уг хэргийн яллагдагч Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар шүүхийн шийдвэрээр ялын дээд хэмжээ буюу 24-25 жилийн хорих ял сонслоо.

Тэднийг Монгол улсын Эрүүгийн хуулийн 91.2.1, 91.2.4, 91.2.10, 91.2.11, 91.2.12, 91.2.13, 91.2.14 болон 91.2.15 гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, шүүсэн юм. Шүүх хурлыг Ерөнхий шүүгч М.Алдар даргалж, шүүгчээр Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг, өмгөөлөгчөөр Л.Мөнхтөр, С.Оюунцэцэг, Д.Дашдорж, Л.Энхсайхан, улсын яллагчаар Б.Батжаргал, Ж.Сандагсүрэн нар оролцлоо.

Хэрэгт холбоотой улсын нууцад багтах нотлох баримтуудтай шүүгч, шинжээчид өнгөрсөн баасан, даваа гарагт танилцсан юм.

Шүүгдэгч Б.Содномдаржааг захиалгаар, санаатайгаар, бусдын амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн, насанд хүрээгүй хүүхдийг гэмт хэрэгт уруу татсан, өөр гэмт хэргээ нуун далдлах зорилгоор хүний амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн үндэслэлээр 25 жил онц дэглэмтэй хорих ангид хорих шийдвэр гаргав. Түүнд оноосон 25 жилийн 23 жилийг нь гянданд хорихоор болсон байна. Түүнийг хохирогчийг биеэ хамгаалах чадваргүйг нь мэдсээр байж хоёр ба түүнээс дээш хүнийг онц хэрцгий, харгисаар буюу нийгэмд аюултай аргаар санаатай хөнөөсөн хэрэгт буруутгажээ.

Шүүгдэгч Т.Чимэгээд бүлэглэн шунахайн сэдлээр насанд хүрээгүй хүүхдийг гэмт хэрэгт уруу татсан, хүний амь насыг захиалгаар, санаатайгаар онц хэрцгийгээр хөнөөсөн үндэслэлээр чанга дэглэмтэй хорих ангид 24 жил хорих ял оноов.

Шүүгдэгч Ц.Амгаланбаатарт бусадтай бүлэглэж, урьдчилан тохиролцон, шунахайн сэдлээр, давтан үйлдлээр хоёр ба түүнээс дээш хүнийг онц хэрцгий, харгисаар буюу нийгэмд аюултай аргаар санаатай хөнөөсөн үндэслэлээр 25 жилийн ял оноолоо. Тэрээр хорих ялын 20 жилийг чанга дэглэмтэй гянданд эдлэх юм.

Яллагдагчдыг сэжигтнээр тооцогдож, хоригдсон 484 хоногийг ялаас хасч тооцохоор болсон байна.

Шүүгдэгч Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 241 дүгээр зүйлд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн хэрэгсэхгүй болгож шүүгдэгч Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлжээ.

Хэрэв яллагдагчид болоод тэдний ар гэрийнхэн, өмгөөлөгчид нь анхан шатны энэхүү шүүхийн тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй бол тогтоол хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногт багтаан нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй юм.

Нэг талаас яллагдагчдын ар гэрийнхэн шүүхийн шийдвэрт гомдолтой байгаагаа илэрхийлж Давж заалдах шатны шүүхэд хандана гэдгээ мэдэгдсэн юм. Нөгөө талаас зарим иргэд шүүх цагдаа төр гэмгүй хүнийг ийм олон хүний анхаарал татсан хэрэг дээр хилсдүүлэхгүй гэдэгт итгэж буйгаа илэрхийлж байна. Гагцхүү "захиалгаар" гэх зүйлчлэл орсон нь нийгэмд "захиалагч нь хэн бэ?" гэсэн асуултыг дагууллаа.

Хохирогчийн тал буюу С.Зориг агсны дүү С.Оюун болон тэдний өмгөөлөгчийн зүгээс гэмт хэрэгтнүүдээс нөхөн төлбөр, эд хөрөнгийг нэхэмжлээгүй байна.

Ийнхүү ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид тав дахь өдрөө үргэлжилсэн шүүх хурал онцгой хамгаалалт дор болж өндөрлөлөө. Маш нууц зэрэглэлд багтсан уг хэргийн шүүх хуралд оролцсон гэрчүүд болон баримтуудын талаарх мэдээлэл нууц хэвээр үлдлээ.

М.Хатанаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Өчигдөр 09 цаг 52 мин

Чуулган 10:00 цагт эхэлнэ
Өчигдөр 09 цаг 52 мин