Аавынх нь үйлдсэн хэргийг хүүд нь тохож, ял оноожээ
Одоогоос зургаан жилийн өмнө Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хорооны нутагт иргэн Б болон М нар бүлэглэн илтэд танхайран догшин авирлаж, иргэн Э-г зодож, биед нь гэмтэл учруулсан хэрэг гарчээ. Уг хэрэгт хоёр жилийн хугацаанд мөрдөн байцаах ажиллагаа явуулж, 2015 онд анхан шатны шүүхээр хэлэлцэн тухайн үед гэмт хэрэг үйлдээгүй, хэргийн газар байгаагүй иргэн Ш-д зургаан жил нэг сарын хорих ялыг оноожээ.
#c0c0c0;">Яллагдагчийн аав болох иргэн Б нь бусадтай архидан согтуурсан үедээ зодолдож, иргэн Б-ийн биед хүнд гэмтэл учруулсан байдаг. Гэтэл төрсөн хүүг нь тухайн үед хэргийн газар байсан гэх гэрчийн мэдүүлгийн дагуу ийнхүү яллаж, зургаан жилийн ял оноосон байна.
Дүүргийн хоёрдугаар прокурорын газраас нийт гурван хүнд Эрүүгийн хэргийн тусгай ангийн 181.2.1, 181.2.5, 96.1 дэх зүйлд зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.
Тухайн үед шүүгдэгч Ш-ийн аав болох иргэн Б нь машины гэрэл тусгалаа гэх шалтгаанаар хоёр хүнийг зодож, араас нь хөөж байгаад машин болон хашааны хаалгыг нь чулуугаар цохиж, орилж хашгирч, илтэд танхайрч байсан аж.
Уг хэргийн хохирогч болох иргэн Э нь тухайн үед толгойн тус газраа нэг удаа цохиулан ухаан алдаж унасан байна. Улмаар маргааш өглөө нь биеийн байдал нь гэнэт муудаж эмнэлэгт хүргэгджээ. Тухайн хохирогч гомдол мэдүүлж, шүүх эмнэлгийн шинжилгээ хийлгэхэд баруун духны хэсгийн няцрал, тархины эдийн гүн дэх тархины цус хуралт, зүүн шанаанд зулгаралт, дээд урууланд зөөлөн эдийн няцрал бүхий хүнд гэмтэл учруулсан гэх дүгнэлт гарчээ.
Энэ хэргийн хохирогч тухайн үед зодуулснаас болж тархиндаа хүнд гэмтэл авч, хөдөлмөрийн чадвараа алдсан төдийгүй ухаан алдах өвчтэй болсон бөгөөд тархинд нь цус харвалт үүссэн аж. Мөн хөдөлмөрийн чадвараа алдсаны улмаас банкны мөнгөө төлж чадахгүй байдалд хүрсэн хэмээн мэдүүлсэн.
Уг дүгнэлтийг үндэслэн дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхээс иргэн Ш-г бусдын бие махбодид санаатай хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт буруутайд тооцон дээрх зүйл заалтыг үндэслэн зургаан жил нэг сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ш нь давж заалдах шатны шүүх хуралд хандан гомдол гаргахдаа “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэргийг буруу ашиглаж, хавтаст хэрэгт холбогдох нотлох баримтыг бүрэн шинжлэн судалж чадаагүй, хэт нэг талыг барьсан шийд гаргасан. Хохирогч талын хамаатан садны гэрчийн мэдүүлгээр намайг гэмт хэрэгтэй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
Тухайн өдөр би 24 цагийн ээлжийн ажилтай байсан. Намайг ажлаа хийж байхад гэрээс ээж залгаад би хүнд зодуулчихлаа гэхээр нь би 102 руу залгаж дуудлага өгч ээж рүүгээ олон удаа утасдаж байсан. Би хохирогчийг огт хараагүй гэсэн гомдол гаргасан байна.
Түүнчлэн гэрчээр мэдүүлэг өгсөн нийт гурван хүн шүүгдэгч Ш-ийг зодоон болдог өдөр гэртээ байгаагүй, мөн ажлаасаа огт гараагүй, энэ зодоонд ямар ч хамаагүй хэмээн мэдүүлсэн ч шүүхийн хавтаст хэрэгт шүүгдэгч Ш-ийг гэмт хэрэг үйлдээгүй гэх нотлох баримт авагдаагүй хэмээн дурдсан байна. Иргэн Ш-ийг зодоон болсон орой буюу 2013 оны гуравдугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө гэмт хэрэг үйлдээгүй ээлжийн ажилтай байсан тухай тухайн хавтаст хэрэгт шууд болон шууд бус нотлох баримтууд авагдсан байдаг аж.
Гэтэл яллагдагч Ш-ийг аавыгаа өмөөрөн хохирогчийн биед хүнд гэмтэл учруулсан гэх шалтгаанаар ялласан аж.
Шүүгдэгчийн гэм буруутайг бүрэн тогтоогоогүй тохиолдолд Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 290-д дугаар зүйлийн 290.2-т зааснаар таамаг болон нэг талын гэрчийн мэдүүлгээр үндэслэн яллаж болохгүй.
Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд зааснаар хуулийг тайлбарлах хэрэглэхэд эргэлзээ гарвал хэргийг шийдэхдээ сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч хэн ч байсан ашигтай талд шийднэ гэсэн заалтын дагуу шийдэж өгөхийг мөн удаа дараа хүсч, шүүх танхимд дурдаж байсан аж. Гэвч түүнийг анхан шатны шүүхээс гэмт буруутайд тооцон Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар ял оноожээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ