Эрх чөлөөний тэмцэл ялвал "хувьсгал" болдог

Монгол Улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг эцэс болгон монгол төрийг сэргээн байгуулж, монголчуудын сэргэн мандлын эхийг тавьсан 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь төрт ёсны өнө эртний уламжлалтай монголын ард түмний түүхийн онцгой хуудас, хойч үе нь бахархан дурсвал зохих түүхт үйл явдал мөн. Энэхүү Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь монголчуудын туурга тусгаар улсаа сэргээн байгуулах гэсэн олон арван жилийн мохошгүй хүсэл тэмүүлэл, тууштай тэмцлийн биелэл, үндэсний ухамсрын их сэргэлтийн эхлэл, 1921 оны Ардын хувьсгалын бодит хөрс болсон билээ. Ялалттай болсон эрх чөлөөний тэмцлийг хувьсгал, амжилтгүй болсон бол хөдөлгөөн гэж нэрлэдэг.

Манжаас тусгаар болохын тулд эхлээд Хүрээнд байсан манжийн Сандо амбанг зайлуулах шаардлагатай болсон юм. Сандо буюу Сандуй нь 1909 онд Ар Монголын Хүрээнд суух амбан сайдаар томилогдсон байна. Харин халхын нутаг бүрээс сайн дурын цэрэг эрс цуглаж, үүнээс зүрх алдан айсан Сандо зугтан оросын консулд хоргодон, 1911 оны 12 дугаар сарын 04-нд орос цэргээр хамгаалуулан Хиагтаар дамжин Монгол нутгаас гарсан юм.

Улмаар 29-ний өдөр Чин улсын засаг захиргааг түлхэн унагаж, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын ололтыг баталгаажуулан Монгол Улс тусгаар тогтнолоо тунхаглан зарлаж, VIII Богд Жавзандамба хутагтыг хаан ширээнд залж, түүнд төрийн тамга, далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий Засгийн газрыг байгуулах түүхэн шийдвэр гаргасан юм.

Олноо Өргөгдсөн Монгол Улс байгуулагдахад барга монголчууд, Шиньжян дахь Илийн хязгаарын 26 ойрад хошуу, Дээд монголчуудын 26 хошууны 24 нь, Өвөр Монголын 49 хошууны 35 нь өргөх бичиг илгээн дагаар оржээ. Харин Өмнөд Монголын хятаджсан зүүн өмнөд хошуунууд Монголд дагаар ороогүй байна. Таван замын байлдаанаар Өвөр Монголын ихэнх хэсгийг чөлөөлсөн ч 1915 оны Хиагтын гэрээгээр Монголын нутгийг Халх, Дарьганга, Хөвсгөлийн хязгаар, Ховдын хязгаарыг оролцуулан тогтоожээ.

ОӨМУ нь 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалаар Манж Чин улсаас тусгаар тогтнолоо зарласан, БНМАУ-ын өмнөх улс.

Олноо Өргөгдсөн Монгол улсын үед орчин үеийн олон шинэчлэлүүдийг хийсний дотор байнгын мэргэжлийн арми байгуулах,холбоо харилцааны газар, сургууль байгуулан, хэвлэлийн эхийг тавьсан.

Ийнхүү Монголчууд Хүрээний манж амбаныг нутаг буцаан засаг захиргааг нь халаад 29-ний өдөр тусгаар тогтносон улсаа тунхаглаж, оны цолыг Олноо өргөгдсөн, улсын нэрийг Монгол Улс хэмээн зарлаж, Монгол улсын шашин төрийг хослон баригч Богд хаанд Жавзандамба хутагтыг өргөмжлөн, соёмбот шар тугаа мандуулсан түүхэн буй.

Өмнөх
Чин улс
Олноо өргөгдсөн Монгол улс
1911-1919
Дараах
Хятадын цэргийн дэглэм
Өмнөх
Олноо өргөгдсөн Монгол улс
Хятадын цэргийн дэглэм
1919-1921
Дараах
Автономит Монгол улс
Өмнөх
Хятадын цэргийн дэглэм
Автономит Монгол улс
1921-1921
Дараах
Хэмжээт цаазат Богд хаант Монгол улс
Өмнөх
Автономитын Монгол улс
Хэмжээт цаазат Богд хаант Монгол улс
1921-1924
Дараах
БНМАУ

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ