Аюултай, эрсдэлтэй, амь дүйсэн шоу цирк Улаанбаатарт

Хамгийн АЮУЛТАЙ, ЭРСДЭЛТЭЙ, АМЬ ДҮЙСЭН тодотголтой үзүүлбэрүүдийг хил давалгүй эх орондоо дэргэдээс нь шимтэн үзэх боломж нээгдээд байна.
Монголын үндэсний Аса циркийн урилгаар ОХУ-ын алдарт Демидовын шоу цирк үзэгчдийг байлдан дагуулж байна. Демидовын цирк гэсэн нэгэн нэр дор онцгой үзүүлбэр бүхий орон орны жүжигчид нэгдэж цогц гайхамшгийг түгээж байгаа юм байна.
Тэдний бусад циркээс ялгарах гол онцлог бол "шоу" хэлбэр. Мэдээж тоглолтын тухайд нэг бүрчлэн тоочино гэвэл тэр гайхамшгийг танд бүрэн мэдрүүлж чадахгүй, уншигч таны цаг завыг үрсэн, харамсалтай хэрэг болох буй за.
Мэдээж аливаа циркийг алиалагчгүйгээр төсөөлөшгүй. Тиймээс тоглолт эхлэхийн өмнөхөн тэрхүү хүндэт эрхэмтэй уулзаж амжсан юм. Үзэгчдийг байлдан дагуулах, хөгжөөх онцгой үзүүлбэртэй Генрих хүн инээлгэх хүндхэн урлагт хөл тавиад 10 жил болж байгаа юм байна.
-Та өөрийнхөө тухай товч танилцуулна уу.
-Намайг Генрих гэдэг. Би Санктпетербургээс ирсэн. Анх театрын сургуульд суралцаж байгаад дараа нь их сургуулиа төгсөөд л циркэд орж ажиллаж гараагаа эхэлсэн.
-Олон орны үзэгч, хүүхдүүдийг инээлгэж явав уу?
-Европ болон Азийн олон орноор аялан тоглож байна.
-Монголд өмнө нь ирж байсан уу? Сэтгэгдлээ хуваалцаач.
-Монголд анх удаа ирж байна. Маш их баяртай байгаа. Учир нь би олон орноор явж байсан ч тэдгээрээс монголчууд хамгийн их таалагдлаа. Одоо гадаа утаатай, хүйтэн байгаа ч /инээв. сурв.,/ хүмүүс нь тун эелдэг, халуун сэтгэлтэй, дулаан энергитэй юм. Сэтгэгдэл маш өндөр, таатай байна.
-Та олон шагнал хүртсэн байх. Өөрийнхөө бахархалуудаас дурьдвал?
-Герман улсад болсон олон улсын циркийн тэмцээнээс "Алтан алиалагч", "Цагаан маск" шагналыг пантомимийн наадмаас авсан. Прагт болсон гудамжны алиалагчдын тэмцээний шагнал гээд дурьдвал олон бий.
-Хүн бүрийн мөрөөдөл агуу. Тэгэхээр таны ойрын үед хүрэхийг хүссэн зорилго тань?
-Удахгүй Монте Карлод очиж “Алтан алиалагч” шагнал авна гэдэгтээ итгэлтэй байна.
-Богино хугацаанд ч гэсэн цаг зав гаргасанд баярлалаа. Таны уран бүтээлд амжилт хүсч, Алтан алиалагч болохыг хүсэн ерөөе.
-Баярлалаа. Тантай ярилцсандаа тун таатай байна.
Ийнхүү үзэгчид суудлаа эзэлж, хонх дуугарснаар дэлхийд цор ганц болон ОХУ-даа нэгт ордог олон төрлийн, сэрдхийлгэсэн, сэтгэл догдлуулсан, гайхашрал төрүүлсэн, дуу алдам үзүүлбэрүүд эхэлсэн юм. Тэд Атлантын далайгаас Номхон далайг хүртэл аялан тоглож явсаар одоо Монгол улсад хүрэлцэн ирж Улаанбаатараас мэндчилж байна.
Үзүүлбэрүүдээс тухайлбал, олсон дээр наадагчид гэхэд та бидний өмнө нь үзэж байснаас илүү сонирхолтой бөгөөд үзүүлбэр нь улам хүндэрсээр, үзэгчдийн сэтгэл хөдлөл тэр хэрээр нэмэгдсээр байсан юм. Тэд яг л газар зогсоод товшлуур бүжиж буй мэт наадаж, сандал тавин тухлан сууж, сандалтайгаа ч бүжиглэж, цаашлаад дээр дээрээсээ давхралдан алхах, толгой дээрээ тогтох зэргээр гайхуулан бишрүүлж байлаа.
Үүний нэгэн адил нүд алдам тоглолт бол дэлхийд алдартай Үхлийн цагаригийн гадуур, дотуур ямар ч хамгаалалтын хэрэгсэлгүйгээр гүйлдэн наадах Латин америкаас ирсэн хоёр жүжигчний үзүүлбэр. Тэр ч бүү хэл хурдлан эргэлдэх цагариг дээр дээс тоглож, нүдээ боон эргэлдэх нь үзэгч олныг уулга алдуулж байв.
Үзэгч багачуудын төдийгүй томчуудын хамгийн их сонирхдог, хүсэн хүлээдэг хэсэг бол амьтад. Энэ удаад эх оронд маань дэлхийд нэн ховордсон, Улаанномд орсон цагаан арслан /2/, цагаан бар /4/, шар бар /2/ хүрэлцэн ирсэнээрээ онцлог болж байна. Тэд хоорондоо тун эв найрамдалтай, эелдэг дотно гэдэг нь хамтын үзүүлбэрээс нь илхэн харагдана. Тэдний дотны анд, сурган хүмүүжүүлэгч нь дэлхийд хамгийн залуу амьтан сургагч аж. Тэрээр сүрлэг биетэй, асар том муужгайнуудтайгаа маш сайн ойлголцох юм. Арслан, барс хэдийд хаана, ямар байрлалд зогсохоо сайтар ойлгохоос гадна алга таших зэргээр тус бүрдээ өөрийн гэсэн үүргээ маш сайн мэддэг. Тиймээс ч үзүүлбэр нь төгс байж чаддаг биз ээ. Дашрамд сонирхуулахад, саяхан хамгийн залуу бар Мах Маll худалдааны төвөөр зочилж нийслэлчүүдийн нэгээхэн хэсэгтэй танилцаад буй. Тэгвэл дараагийн удаад Khunnu mall, Улаанбаатар их дэлгүүр, Номин их дэлгүүр, Shangri La Mall зэрэг газруудад айлчлал хийхээр зэхжээ.
Үүнээс гадна хутга шидэгч, тэнцвэрт нугарагч, элдэв йогийн үзүүлбэрээр зогсохгүй харахаас ч цэрвэм аймшигт үзүүлбэр гээд дурьдвал олон гайхамшиг энд цогцолсон байна. Эдгээрээс онцлон сонирхуулахад, төмөр торон бөмбөрцөг доторх экстремийг бид цэнхэр дэлгэцээр л харж байсан. Тэгвэл эр зоригийн шалгуур болсон энэ аюулт үзүүлбэрийг зургаан мотоцикльтой залуус тун мэдрэмжтэйгээр гүйцэтгэж байгааг бодитоор, дэргэдээс нь үзэхэд ямар сэтгэгдэл төрснийг онож хэлэхэд бэрх юм.
Тоглолт ерөнхийдөө хоёр хөтөлбөрөөс бүрдсэн юм байна. Нэгд, араатан амьтад ба бусад гайхамшигт номерууд, хоёрт эрсдэл бүхий шоу үзүүлбэрүүд багтаж байгаа аж. Нийт арваад төрлийн үзүүлбэр 3 цаг орчим үргэлжилнэ.
Гайхамшигтай, сэтгэл хөдлөлөөр дүүрэн шоу циркийг эх орондоо үзэх энэ алтан боломж эдгээр өдрүүдэд танд ч нээлттэй байна.
Монголын үндэсний Аса цирк жил бүр үндэсний болон олон улсын циркээр үзэгч олондоо бэлэг барьдаг уламжлалтай. Энэ дагуу шинэ оны босгон дээр шигшмэл шоугаар та бидэнд ийнхүү ээлжит бэлгээ задлан барилаа.
Хэрэв сэтгэл хөдлөлийн дээд мэдрэмжийг мэдрэхийг хүсвэл мэдээж циркийг зорих хэрэгтэй. Харин цаг зав хомс бол тасалбарыг 19001950, 19001800, ticket.mn үнэгүй хүргэж өгч байна. Тусгай дугаараас гадна кассын 95659012, 95659013 дугаар ажиллаж байгаа шүү.
Эцэст нь дуулгахад, циркийн бүх үзүүлбэрийн жүжигчидтэй дурсгалын зураг татуулах боломжтой бөгөөд тоглолт эхлэхээс өмнө болон тоглолтын дундуурх 20 минутын завсарлагын үеэр хүүхдүүдийг хөгжөөх, саатуулах янз бүрийн аргыг жүжигчид болон зохион байгуулагчид санаачилжээ. Нэг үгээр циркийн манежнаа чөлөөт ертөнцийг тэд бүрдүүлж чадсан байлаа.
Я.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ