АНУ оросын 35 дипломатчийг хөөн гаргаж байна

АНУ оросын 35 дипломатчийг хөөн гаргаж, Нью-Йорк, Мэриленд дэх оросын ажилтнуудын ашигладаг хоёр байрыг хаахаар пүрэв гарагт шийдвэрлэжээ. Ройтерс агентлаг ингэж мэдээлсэн байна.
Энэ нь “Оросын эрх баригчдын зүгээс Москва дахь америкийн дипломатчдыг хавчин гадуурхаж байгаа кампанит ажлын хариу арга хэмжээ юм” гэж америкийн дээд тушаалын ажилтан хэлжээ.
Оросын дипломатчид 72 цагийн дотор АНУ-аас гарах ёстой гэж нэрээ хэлэхийг хүсээгүй тэр ажилтан Ройтерс агентлагийн сурвалжлагчид мэдэгдсэн байна.
Тагнуулын мэдээлэл цуглуулахад ашиглаж байсан хэмээн нотолж буй хоёр байгууллагад орохыг оросын бүх албан тушаалтанд баасан гарагаас эхлэн хориглох ажээ. Энэ нь ямар объект гэдгийг тодруулан тайлбарлахгүй байна.
Үүнээс гадна, сонгуулийн системийн эсрэг кибер халдлага хийсэн гэх асуудалтай холбогдуулан АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама пүрэв гарагт Оросын эсрэг хориг арга хэмжээ авчээ. Хориг арга хэмжээний үйлчлэлд Оросын аюулаас хамгаалах алба, Оросын зэвсэгт хүчний тагнуулын ерөнхий газар орсон байна. Хориг арга хэмжээний жагсаалтад бас зургаан хувь хүн оржээ.
Орос дахь америкийн дипломатчдад тэвчих аргагүйгээр хандаж байгаа тухай төрийн департамент түрүүнд нь мэдээлж байсан юм. Сүүлийн хоёр жилд ОХУ-ын нутагт АНУ-ын дипломатын болон консулын төлөөлөгчийн газрын ажилтнуудад хандаж буй байдалд тус байгууллага сэтгэл зовниж байгаа ажээ.
“Тухайлбал, Москва дахь манай дипломат ажилтнуудыг мөрдөж, аюулаас хамгаалах алба болон замын цагдаагийн ажилтнууд тэднийг мөшгөх явдал үлэмж олширсон юм” гэж төрийн департаментын албан ёсны төлөөлөгч Элизабет Трюдо аравдугаар сарын 3-нд мэдэгдэж байсан юм.
Сүүлийн хоёр жил хагасын хугацаанд АНУ-ын тусгай албад оросын дипломат ажилтнуудыг өөрийн талдаа элсүүлэх гэсэн хандлага мэдэгдэхүйц идэвхижиж, ингэхдээ америкчууд тэдний гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндэд заналхийлэх хүртэл дарамт шахалт үзүүлэх хамгийн зохисгүй арга хэрэглэж байна гэж хариуд нь Оросын ГХЯ мэдэгджээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ