Шинэ нисэх буудлыг хүлээж авах ажил өнөөдөр эхэлнэ

Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудлын барилгын ажлыг Японы“Жайка”-гийн санхүүжилтээр 2013 оны зургадугаар сард эхлүүлсэн. Барилгын ажилд Японы “Азуса Секкей, Ориентал Консалтантс” компаниуд зөвлөхөөр, мэргэжлийн япон инженерүүд хяналт тавин ажиллажээ. Харин туслан гүйцэтгэгчээр “Самсунг Си энд Ти” компани ажилласан байна. Гурван жил гаруй хугацаанд үргэлжилсэн уг бүтээн байгуулалтын ажил дуусч, өнөөдөр улсын комисст хүлээлгэн өгөхөөр болжээ.

Улсын комисс өнөөдрөөс эхлэн 10-ныг хүртэл ажиллах юм байна. Харамсалтай нь шинэ нисэх буудлыг хүлээж авсан даруйдаа ашиглах боломжгүй юм. Учир нь, Монголын талын санхүүжилтээр ачаа тээврийн тирминал, нисэх онгоцны буудлын захиргааны барилга, засвар үйлчилгээний газар гэсэн гурван барилга барих ёстой юм. Тус гурван барилгын ажлыг ирэх онд дуусгаж ашиглалтад оруулах юм байна. “Чингис хаан” олон улсын нисэх буудал жилд 900 мянган зорчигч хүлээн авдаг бол шинэ нисэх буудал ашиглалтад орсноор энэ тоо хоёр дахин өснө гэж Зам, тээврийн хөгжлийн яам төлөвлөжээ. Цаашдаа энэ тоо нэмэгдэх магадлалтай учраас нисэх буудлыг дараа нь өргөтгөн тэлэх боломжтойгоор барьжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ