Шинэ оныг онц хүнд гэмт хэрэг, зөрчилгүйгээр тайван угтлаа

Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд цагдаагийн байгууллагад 2171 мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн 68, зөрчлийн 1278, согтуугийн 524, зам тээврийн ослын 301 мэдээлэл шалгажээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 51 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна. Онц хүнд гэмт хэрэг, зөрчилгүйгээр шинэ оныг тайван угтжээ.
Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд иргэд, олон нийтийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан.
Мөн цагдаагийн байгууллагын алба хаагчид хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, салют, пиротехникийн хэрэгсэлд хяналт шалгалт тавьж, болзошгүй аюул, осол, эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллалаа.
Улаанбаатар хотын цагдаагийн газрын нийт бие бүрэлдэхүүн “Шинэ жил” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар өчигдөр өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэгт шилжин ажиллав.
Баяр амралтын өдрүүдэд нийслэлийн иргэдийн амар тайван байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор 1500 гаруй алба хаагч, ХСИС-ын 350 гаруй сонсогчийн хамт 400 гаруй чиглэлд хөдөлгөөнт, явган болон нохойт эргүүлийн үүрэг гүйцэтгэлээ.
2017 оны нэгдүгээр сарын 01-ний өдрийн байдлаар Нийслэлд онц ноцтой гэмт хэрэг, гудамж талбай олон нийтийн газар осгож нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ