Энэ сард Сибирийн хүйтэн агаар байрлана

44 хэм хүртэл хүйтэрчээ
Нийт нутгаар хүйтний эрч эрс чангарч, 18-21-ний өдрүүдэд олон жилийн дунджаас 15-20 градусаар хүйтэрч, Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар шөнөдөө 38-44 градус, өдөртөө 28-33 градус, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын саваар шөнөдөө 34-40 градус, өдөртөө 22-28 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-22 градус, өдөртөө 5-12 градус, бусад нутгаар, шөнөдөө 24-33 градус, өдөртөө 17-26 градус хүйтэн байсан байна.
Өнгөрсөн долоо хоногт ихэнх нутгаар ахиухан хэмжээний цас орж, нийлбэр тунадасны хэмжээ дээд тал нь 0.1-34.6 мм болсон байна. 14-19-нд ихэнх нутгаар цас орсоноос хамгийн их нь Ховдын Байтаг станцад ( Булган суманд) 34.6мм, Баян-Өлгийн Дөчинжил станцад (Булган суманд) 29.9мм орсон байна. Үүний улмаас нутгийн хойд хэсгээр хамгийн зузаан цасан бүрхүүл тогтоод байгаагаас 21-ний өглөөний 08 цагийн байдлаар цаг уурын станц, харуулуудын талбай дээрх цасны зузааны хэмжилтээр Увсын аймгийн ихэнх нутгаар 11-40 см, Завханы хойд хэсгээр 10-23 см, өмнөд хэсгээр 1-8 см, Хөвсгөлийн хойд хэсгээр 10-29 см, өмнөд хэсгээр 6-8 см, Булганы хойд хэсгээр 10-26 см, баруун өмнөд хэсгээр 7-9 см, Сэлэнгийн нийт нутгаар 10-26 см, Дархан-Уул аймгийн нутгаар 8-18 см, Төв аймгийн хойд хэсгээр 10-25 см, өмнөд хэсгээр 1-9 см,Хэнтийн хойд хэсгээр 12-18 см, өмнөд хэсгээр 1-7 см, Дорнодын хойд хэсгээр 11-20 см, бусад хэсгээр 2-7 см, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Дундговийн хойд хэсэг, Сүхбаатарын нутгаар 1-9 см цасан бүрхүүлтэй байна.
16-18-нд Алтайн салбар уулс, говь талын аймгууд ялангуяа Завхан, Булган, Хэнтийн өмнөд, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн хойд, Төв, Сүхбаатар аймгийн нутгаар 12-14м/с хүрч цасан болон шороон шуурга шуурчээ.
Хүчтэй цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтэрнэ
Харин ирэх өдрүүдэд цаг агаар эрс хүйтэрч, шуурах юм байна. Тодруулбал, энэ сарын 17-нд баруун ба төвийн аймгуудын нутгаар, 18-19-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгаар, 20-нд зарим газраар цас орж, говь тал хээрийн нутгаар салхи секундэд 14-16 метр, зарим үед 18-20 метр хүрч хүчтэй цасан болон шороон шуурга шуурч зам даваа цас шуурганд хаагдах, харагдац муудах, хальтиргаа гулгаа нэмэгдэх төлөвтэй байна.
Сибирийн хүйтэн агаар энэ сарын 18-наас манай нутгийн хойд хэсгээр түрж, 19-21-нд Монголын ихэнх нутгаар байрлах тул 19-нөөс бүх нутгаар эрс хүйтэрч шөнөдөө Увс нуур, Идэр, Тэс, Хан-Хөхий, Хархираа, Түргэний уулс хоорондын хөндий, Дархадын хотгороор -42…-47 градус, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж,Онон, Улз, Халх голын хөндийгөөр -35…-40 градус хүрч хүйтний эрч эрс чангарах төлөвтэй тул малын бэлчээрлэлт, авто болон төмөр замын тээвэр, эрчим хүч, дулааны хангамжинд хүндрэл учруулах цаг агаарын нөхцөл бүрдэх төлөвтэй байгааг анхааруулж байна. ОХУ-ын цаг уурын газрын дарга ч мөн “Баруун Европын нутагт ирэх оны нэг, хоёрдугаар сард ойрын 100 жилд болоогүй хүйтрэл болно” гэж мэдэгдсэн талаар бид өмнө мэдээлж байсан билээ. Товчоор бол Ла ниньягийн үзэгдэл хаа сайгүй нэлээд ажиглагдах төлөвтэй байгааг дэлхий дахинаа аль эртнээс сануулсаар ирсэн. Эль Ниньо нь дэлхийг дулаацуулдаг бол Ла Нинья нь нь эсрэгээрээ улам хөргөдөг байгалийн үзэгдэл юм.
Сүүлийн 10 жилийн 11 дүгээр сарын хамгийн их хүйтрэл өнгөрсөн жил болсон
Сүүлийн 10 жилд тохиолдоогүй хамгийн хүйтэн 11 дүгээр сар болох гэж байгааг мэргэжлийн байгууллагаас анхааруулж буйг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд 10 жилийн хугацаан дахь хамгийн цочир хүйтрэлт болох гэж байгаа мэтээр бичиж, ярьж байсан нь буруу ташаа байжээ. 11 дүгээр сарын тухайд 1990 оны 11 дүгээр сард Завханы Цэцэн-Уул суманд -43 градус хүрч хүйтэрч байжээ. Харин хамгийн их хүйтрэлт 2016 оны 1 дүгээр сард Завхан аймгийн Отгон, Цэцэн-уул суманд -55 градус хүрч хүйтэрч байсан байна. Иймд 10 жилд огт тохиолдож байгаагүй хүйтрэлт хэмээн ойлгож болохгүй гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас албан ёсоор мэдээлэв.
Түүнчлэн нийт нутгаар -47 градус хүрч хүйтэрнэ гэж мэдээлж байгаа нь мөн ташаа мэдээлэл гэж байгаа юм. Учир нь -47 градус хүрч хүйтэрч болзошгүй бүс нутгууд нь дээр дурдсан хүйтэн байдаг болон цас ихтэй байгаа бүс нутгууд юм байна.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ