Түүхэн дэх хамгийн олон хүүхэдтэй айлууд

Үүгээр бид түүхэн дэх хамгийн олон хүүхэд, тухайлбал 19-өөс цөөнгүй хүүхэдтэй айлуудыг танилцуулж байна. Хүүхдүүд бүгдээрээ нэг гэр бүлд төрсөн ба хамгийн олон өргөмөл хүүхэдтэй айлыг харин энд оруулаагүй юм.

Манай үеийн хамгийн олон хүүхэдтэй айл – Жим Боб Даггар болон түүний гэргий Мишель нараас эхлэе. Энэ айл одоо 19 хүүхэдтэй. Тэд бүх хүүхэддээ J үсгээр эхэлсэн нэр өгсөн нь сонин юм. Жим Боб, Мишель хоёр 1984 оны долдугаар сарын 21-нд гэрлэжээ. Эхлээд тэд ерөөс олон хүүхэдтэй болно гэж бодож ч байгаагүй бөгөөд Мишель жирэмслэхээс сэргийлэх хэрэгсэл хэрэглэдэг байж. Гэвч дараа нь хос анхны хүүхдээ төрүүлэхээр яалт ч үгүй шийдэж, энэ хүүхэд нь тэднийг хуримласнаас хойш гурван жилийн дараа төрсөн байна. Үүгээр Жим Боб, Мишель нар дахиад хүүхэд гаргахгүй гэж шийдэж, Мишель жирэмслэхээс сэргийлэх хэрэгсэл үргэлжлүүлэн хэрэглэж байжээ. Гэвч тэр гэнэт зулбасан байна. Энэ явдлаас хойш эхнэр, нөхөр хоёр дахин хамгаалах хэрэгсэл хэрэглэхээ больж, хэдэн хүүхэд л гарна уу гараг хэмээн шийджээ.

Ингээд Мишель барагцаалбал жил хагас болоод л хүүхэд төрүүлдэг болсон байна. Америкийн телевиз олон хүүхэдтэй гэр бүлд зориулан "19 Kids and Counting" гэсэн нэвтрүүлэг явуулжээ. Гэр бүлийн тэргүүн Жим Боб үл хөдлөх хөрөнгийн арилжаа эрхэлдэг бөгөөд муугүй мөнгө олдог байна. Үүнээс гадна, дээрх телевизийн суваг байшин худалдан авахад нь энэ айлд туслажээ.

2011 оны 11 дүгээр сарын 19-нд Мишель 20 дахь хүүхдээ хүлээж байна хэмээн зарласан ч, нэг сарын дараа зулбажээ.

Даггарын гэр бүл

Бас 19 хүүхэдтэй нэг гэр бүлийн хос түүхэнд тэмдэглэгдэж үлдсэн бөгөөд энэ нь английн яруу найрагч, санваартан Сэмюэл Уэсли (1662-1735) болон түүний гэргий Сюзанна Уэсли (1669-1742) нар юм. Сюзанна шашны дэг жаягийг тууштай баримтлахыг шаарддаг протестант шашны нэг урсгал болох “хатуу дэгтэй сүмийн эх” гэдгээрээ нэрд гарчээ. Сюзанна энэ шашныг хэзээ ч шүтэж байгаагүй, ном бичиж байгаагүй ч, өөрийн хүмүүжлээр хоёр хүүдээ асар их нөлөө үзүүлж, тэд нь чшашны энэ урсгалыг үндэслэгч болсон байна.

Сюзаннагийн нөхрийн тухайд гэвэл, тэр хүүхдүүдээ хүмүүжүүлэхэд бараг оролцож байгаагүй ажээ. Харин ч нэг удаа бүтэн жилээр гэр бүлээ орхин явж байжээ.

Анагаах ухааны хөгжлийн түвшин муу байснаас болоод Сэмюэль, Сюзанна нарын 19 хүүхдийн ес нь багадаа нас барсан байна.

Сэмюэл Уэсли, Сюзанна нар

Америкийн Генри Уилсон Крокер, түүний гэргий Анна нар 21 хүүхэд төрүүлж, тэднээс 3 нь багадаа нас баржээ.

Түүнчлэн Ирландын шар айрагны үйлдвэрийн эзэн Артур Гиннесс (1725-1803) болон түүний гэргий Оливия Уитмор нар 21 хүүхэдтэй байжээ. Хүүхдүүдийн 10 нь нас биед хүрч, 3 нь эцгийнхээ үйл хэргийг үргэлжлүүлсэн бөгөөд өнөөдөр ч түүний нэртэй шар айраг гарсаар байгаа ажээ.

Артур Гиннесс

Английн хос Элизабет, Уильям Гринхилл нар 39 хүүхэдтэй байсан бөгөөд тэдний 32 нь охин, 7 нь хүү байсан гэнэ. 39 дэх хүүхэд (Томас Гринхилл) 1669 онд төрж, нэрт мэс засалч болсон байна. Элизабет Гринхилл амжилттай төрсөн тоогоороо хүн төрөлхтний түүхэнд үнэмлэхүй амжилт тогтоосон бөгөөд тодруулбал тэрээр 38 удаа төржээ. 37 удаа нэг хүүхэд, 1 удаа хоёр ихэр хүүхэд төрүүлсэн байна.

Хэрвээ нөхөр маань талийгаач болоогүйсэн бол бас хоёр юмуу гурван ч хүүхэд төрүүлж болох байсан гэж Элизабет ярьж байсан гэдэг. Тэр сүүлчийн хүүхдээ 54 настайдаа төрүүлсэн байна.

Орос болон дэлхийн түүхэн дэх хамгийн олон хүүхэдтэй айл – Шуйскийн тариачин Фёдор Васильев (1707-1782) болон түүний анхны гэргий бөгөөд харамсалтай нь түүний нэр түүхэнд үлдээгүй байна. Фёдор Васильевын гэргий хамгийн олон хүүхэдтэй эхийн хувиар Гиннессийн номонд оржээ. Тэр нийтдээ 69 хүүхэд, үүнээс 16 удаа хоёр ихэр, 7 удаа гурван ихэр, дөрвөн удаа 4 ихэр төрүүлсэн байна. Тэр нийтдээ 27 удаа төржээ. Анхны гэргийгээ нас барсны дараа Фёдор Васильев дахин гэрлэж, хоёр дахь эхнэр нь бас 18 хүүхэд төрүүлсний зургаа нь хоёр, хоёр нь гурван ихэр байжээ. Тийнхүү Фёдор Васильев 87 хүүхдийн эцэг болсон байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ