Өнөө шөнө солирын бороо орно

Энэ сарын 3-наас 4-нд шилжих шөнө дэлхийн оршин суугчид Квадрантидын солирын бороо орох сонирхолтой үзэгдлийг харах боломжтой гэж “РИА Новости” уламжилжээ. Цагт 100 гаруй солир тэнгэрт харагдах бололтой. Одон орон судлаачдын хэлж буйгаар, тухайн үед тэнгэр цэлмэг байвал уг ховор үзэгдэл тод харагдах бөгөөд сар хавирган хэлбэртэй байгаа тул саад болохгүй аж. Квадрантид нэрийг 1795 онд Францын одон орон судлаач Жозеф Лаланде өгчээ.
Солир нь гариг хооронд орших чулууны жижиг хэлтэрхий. Солирын биетүүд дэлхийн агаар мандалд нэвтэрч, улмаар халснаар шатаж, хурц гэрэл гаргадаг. Энэ нь 80-130 км-ийн өндөрт ууршдаг. Хэр их хэмжээтэй орж ирснээс шалтгаалж од харвах буюу солирын бороо хэмээн нэрлэгддэг байна. Солирын бороо нь хэдхэн минутаас эхлээд хэдэн өдрийн турш ч үргэлжилдэг аж. Анх энэ үзэгдлийг итали эр Антонио Брукаласси 1825 оны нэгдүгээр сарын 2-нд дүрслэн бичжээ. Дараахан нь одон орон судлаачид энэ үйл явц жил бүр дэлхий дээгүүр болж өнгөрдгийг тогтоосон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ