Өнгөрсөн оны НӨАТ-ын баримтаа энэ баасан гариг гэхэд баталгаажуулж дуусгах шаардлагатай

НӨАТ-ын тухай хуулийн дагуу иргэд худалдан авалт болон үйлчилгээ авсан баримтаа бүртгүүлснээр сар бүр сугалаанд оролцох боломжтой болохын зэрэгцээ 20 хүртэл хувийн буцаан олголт авахаар болсон. Хуулийн дагуу иргэд 2017 оны эхний улиралд буюу гуравдугаар сарын 31-ний өдрөөс өмнө буцаан олголтоо авна.

Ингэхдээ та бүхэн 2016 онд авсан баримтаа энэ оны нэгдүгээр сарын 6-ны дотор бүртгүүлэх шаардлагатай. Тодруулбал, тухайн хуанлийн жилийн сүүлийн өдрийн 00:00 цагаас өмнө худалдан авсан төлбөрийн баримтын мэдээллийг дараагийн хуанлийн жилийн ажлын таван өдрийн дотор бүртгүүлэх ёстой юм. Үүний дагуу иргэд баасан гариг гэхэд өнгөрсөн оны бүх баримтаа бүртгүүлж байж, тухайн баримтныхаа буцаан олголтыг авч чадна.

Үүний дараа та өөрийн хувийн мэдээллийг сайтар нягтлан, дахин баталгаажуулахад таны дансанд буцаан олголтын мөнгө автоматаар орно.

БУЦААН ОЛГОЛТ ТАНД ХЭРХЭН ОЧИХ ВЭ

-Хувь хүн 2016 оны арванхоёрдугаар сарын 31-ны 23:59 хүртэл хугацаанд хэвлэгдсэн баримтаа 2017 оны нэгдүгээр сарын 6-ны дотор бүртгүүлэх шаардлагатай.

-Гааль Татварын Мэдээлэл Технологийн Төв 2017 оны нэгдүгээр сарын 15-ны дотор мэдээллийг хувь хүн бүрээр гаргаж Татварын Ерөнхий Газрын орлогын газарт илгээнэ.

-Татварын Ерөнхий Газар мэдээллийг хянан баталгаажуулж Сангийн Яамны орлогын газарт хүргүүлнэ.

-Төрийн сан ажлын 45 хоногт багтаан хувь хүний бүртгүүлж баталгаажуулсан данс руу буцаан олголтыг шилжүүлнэ.

Энэ оны эхний улиралд багтаан 30 гаруй тэрбум төгрөгийн буцаан олголт хийхээр төлөвлөжээ.Мөн 2017 оны Улсын төсөвт сугалаа болон буцаан олголтод зарцуулахаар нийт 80 тэрбум төгрөг төсөвлөсөн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ