С.Оюун ДАВЖ ЗААЛДАХ шатны шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлт гаргажээ

С.Зоригийн агсны төрсөн дүү болох УИХ-ын гишүүн асан С.Оюун давж заалдах шатны шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлтийг УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд гаргасан ч хүлээж аваагүй байна. Учир нь УИХ шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс оролцох боломжгүй тул өргөдлийг нь Улсын дээд шүүх болон Шүүхийн ерөнхий зөвлөл рүү хуулийн дагуу шилжүүлэхээр болжээ.

С.Оюун анхан шатны шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлтийг прокурор, шүүхийн байгууллагад гаргасан ч хүлээж аваагүй байна. Тиймээс тэрээр шүүх хуралд хохирогчийн талаас оролцож, мэдүүлэг өгөх байсан ч очоогүй аж. Түүнчлэн хохирогчийн тал С.Оюунаас гадна яллагдагч нийт гурван хүний ар гэрийнхэн давж заалдах шатны шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлт гаргаад байгаа юм байна.

Шүүхийн шийдвэр гарсны маргааш С.Оюун “Хохирогч бид шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэдэгт эргэлзэж байна. Шүүх хуралдаанд хохирогч бидний өмнөөс өмгөөлөгч оролцож, байр суурийг маань хууль зүйн үндэслэлтэйгээр тайлбарласан. С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн гэмт хэргийн захиалагч, зохион байгуулагч, гүйцэтгэгч нарт холбогдох хэрэг энэ шүүх хуралдаанаар дуусгавар болоогүй, эцэслэн шийдэгдээгүй гэж үзэж байна” хэмээн мэдэгдэл гаргаж байсан юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ