Атомын ЦС байгуулж агаарын бохирдлоос салъя

Утаатай тэмцэх олон аргыг турших гэж хичээлээ. Гэвч гамшиг нэмэгдсээр байна. Тэгвэл өөр ямар гарц байж болох вэ? Зарим улсын туршлагаас үзэхэд хамгийн оновчтой аргаар Атомын цахилгаан станцыг нэрлэж болох юм. Ингээд яриад эхлэхээр Японы АЦС-ын ослыг дурсдаг. Тэр бол 1960-аад оны технологи, орчин үед ийм алдаа үгүй болсон гэж хэлж болно. Нүүрс түлэхээ болихгүй бол гамшиг үгүй болохгүй. Тиймээс ганц дунд оврын АЦС барьвал огт утаагүй болох гарц бий. Тэгээд нүүрсээ хятад руу гаргаж, өөрсдөө утаагүй шинэ технологио хэрэглэнэ.

Монгол Улсын тохируулагч агентлаг Цөмийн энергийн газар болон Японы атомын энергийн агентлагтай хамтран 2011 онд семинар хийж байсан. Түүнчлэн холбогдох албаны хүмүүс ОХУ дахь АЦС-тай танилцсан гэх мэтээр олон жилийн туршид их зүйл судалж байгаа. Тиймээс ч эрчим хүчний аюулгүй байдлыг хангах, эдийн засгийн ачааллыг багасгах, байгаль, орчинд эерэг нөлөө үзүүлэх цөмийн энергийн станцыг манайд байгуулах боломж бий гэдгийг эрдэмтэд судалсан байдаг байна.

МУИС-ийн Цөмийн судалгааны төвд хийгдсэн “Цөмийн реактор суурь судалгаа”-ны тайланд дурьдсанаар “Даралтат усан хөргөлттэй 600 МВт чадал бүхий 2 реактортой АЦС-ын нийт хөрөнгө оруулалт 1.2-1.8 миллиард ам.доллар бөгөөд үйлдвэрлэсэн эрчим хүчний өөрийн өртөг нь нүүрсний станцын гаргасан эрчим хүчний өөрийн өртгөөс 1.2 дахин бага байна. АЦС нь хөрөнгө оруулалтаар ашиглалтанд орсны дараах 7.6 жилд нөхөн төлөх чадвартай юм” гэжээ. 2017 оны төсөвт агаарын бохирдол бууруулах ажилд нийслэлийн төсөвт 3.2 тэрбум төгрөг төсөвлөгдсөн. Улсын төсөвт 5 тэрбум төгрөг суусан байна.

Цахилгааны хэрэглээгээ бүрэн найдвартай хангахгүйгээр улс орон урагшлан хөгжинө гэдэг бүтэшгүй зүйл юм. Цахилгаанаар иргэдээ найдвартай хангаж чадахгүй байж эрүүлжүүлнэ, цахилгааны хэрэглээний найдвартай хямд эх үүсвэргүй байж үйлдвэржүүлнэ, иргэдийн хэрэглээний цахилгааны үнийг буулгаж утаанаас сална гэх зэргээр ярих нь үнэндээ бол тийм ч бодит бодлого болж чадахгүй.

Монгол Улсад 1.5 сая тонн ураны хүдрийн нөөц бий хэмээн геологичид тодорхойлдог. Тэгээд 500 мянган тонн уран нь 14 хөндийд тархсан гэдэг билээ.

Өөрт буй хамгийн боломжтой баялгаар цахилгаан үйлдвэрлэж улс орнууд хөгжин дэвжиж байна. Манайд байгаа баялгийг нүүрс, өвс гээд нэрлэх хүн гарна. Гэвч бүгд л шатаж, утаа гаргадаг зүйлс.
Жилээс жилд бидний утаанд угаартаж хордох маань ихсэж, үр хойч үе хордож, Монгол хүн устахад хүрлээ гээд хэлчихвэл хатуудахгүй л болов уу. Ийм байдалд хүрчихээд шинжлэх ухаанд үл итгэсэн зориггүй, үлбэгэр, хүмүүсийн ам дагуулсан улстөрчдөөсөө болж хэдий хүртэл хорт утаа залгиж суух билээ.
Цахилгаан бол хөгжлийн гол үндэс. Цахилгаангүй бол таг хөлдүү, хав харанхуй, хов хоосон гэсэн үг.

Атомынцахилгаан станцаас татгалзахын тулд дараах 6 асуултын хариуг олох хэрэгтэй.

1. Цөмийн хор аюулыг хамгийн их амссан, бие сэтгэлээрээ мэдэрсэн ард түмэн бол Япон. Тэд Атомын цахилгаан станцаар тэргүүлэгч орны нэг. Цөмийн хор хөнөөлийг мэддэг мөртлөө яагаад татгалзахгүй байна?

2. Хүний эрхийг дээдэлдэг, ардчилсан Америк атомын цахилгаан станцын тоогоор тэргүүлж байна?

3. Хятад, Орос, Солонгос, Канад гээд олон орныг нэрлэж болно. Соци маягийн тогтолцоотой, ардчилсан, бүр улаан коммунист орон, либерал үзэлтэй европын орнууд бүгд л цөмийн станцтай. Яагаад Монголд болохгүй гэж?

4. Монгол яагаад үйлдвэрлэгч биш байна?

5. Физик, тэр дундаа цөмийн физикт нээлт хийсэн эрдэмтэн бүхэн Нобелийн шагнал хүртлээ. Яагаад тэд энэ шагналын эзэн болдог юм бэ?

6. “Хортой” хэмээн бид айдаг “Шар нунтаг”-ийг бусад улс орон өндөр үнээр авъя гээд булаацалдаад байна. Яагаад? Зургаан яагаадын хариуг олвол Атомынцахилгаан станцын тухай овоо мэдлэг олж авах байх.

Сонирхуулахад, 2009 оны 1 сарын байдлаар Япон улс нийт 47,935MW хүчин чадалтай 53 атомын реактортайгаараа АНУ, Франц улсуудын дараа дэлхийд 3-рт жагсаж байна.
1. АНУ - 104 - 106,302MW
2. Франц - 59 - 66,020MW
3. Япон - 53 - 47,935MW
4. Орос - 27 - 23,194MW
5. Герман - 17 - 21,457MW
6. Өмнөд Солонгос - 20 - 17,716MW
7. Украйн - 15 - 13,818MW
8. Канад - 18 - 13,288MW
9. Англи - 19 - 11,952MW
Бусад - 100 - 68,762MW
Бүгд - 432 - 390,444MW

Д.Билгүүн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ