НӨАТ-ын баримтын 2016 оны бүртгэл өнөөдөр дуусна

Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг Сангийн яамнаас анх удаа зохион байгуулах гэж байна. НӨАТ-ын тухай хууль 2017 онд үргэлжлэх тул 2016, 2017 он гэсэн хоёр цонхтой болсон. 2017 оны цонхонд 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш хэвлэгдсэн баримтууд бүртгэгдэнэ гэсэн үг.

НӨАТ-ын буцаан олголтыг 2017 оны эхний улирал буюу гуравдугаар сарын 31-нээс өмнө зохион байгуулахаар ажиллаж байгаа аж.

Харин 2016 оны бүх баримтыг өнөөдөр бүртгүүлж, холбогдох мэдээллүүдээ үнэн зөв баталгаажуулах хэрэгтэй.

Иргэд www.ebarimt.mn цахим хуудас руу нэвтэрч, холбогдох мэдээллээ баталгаажуулахдаа крилл үсгээр бөглөх шаардлагатай. Мөн Тээвэр хөгжлийн банкны гүйлгээний данс төрийн сангаас дамжих боломжгүйг сануулж байна. Иргэд ихэвчлэн банкны дансны дугаараа картны дугаартай их андуурч байгааг анхааруулж байна.

НӨАТ-ын буцаан олголт авах иргэдийн хувьд анхаарах зүйлс:

Гол нь 2016 оны арванхоёрдугаар сарын 31-ний 00.00 цагаас өмнө хийсэн худалдан авалтын мэдээллээ 2017 оны нэгдүгээр сарын ажлын эхний таван өдөрт багтаан холбогдох www.ebarimt.mn цахим хуудаст бүртгүүлсэн байх шаардлагатайг албаныхан сануулж байна.

2017 оны төсөвт дээрх буцаан олголт болон сугалааны тохирлоор нийт 80 тэрбум төгрөг олгох боломжтой байхаар төсөвлөсөн байна.

НӨАТ-ын 20 хүртэл хувийг буцаан авахад тавигдах шаардлагууд:

  • Худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ НӨАТ суутган төлөгчөөс авсан байх

  • НӨАТ суутган төлөгчөөс албан татвар ногдсон бараа, ажил үйлчилгээ худалдан авсан байх

  • НӨАТ суутган төлөгчөөс авсан төлбөрийн баримтын мэдээлэл нь баталгаажсан байх

  • Худалдан авагч нэгдсэн системд бүртгэгдсэн байх

  • Тухайн хуанлийн жилийн сүүлийн өдрийн 00:00 цагаас өмнө худалдан авсан төлбөрийн баримтын мэдээллийг дараагийн хуанлийн жилийн ажлын таван өдрийн дотор бүртгүүлсэн байх. /Иргэд 2017 оны нэгдүгээр сарын 5-ны өдрөөс өмнө бүртгүүлсэн байх шаардлагатай/

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ